Сингапурын эрэгт АНУ-ын тэнгисийн цэргийн USS John McCain байлдааны хөлөг ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөн осол Даваа гарагт гарсан билээ.
Ослын улмаас хөлгийн усан цэргүүдийн 5 нь бэртэж, 10 нь сураггүй алга болоод байв. Тэгвэл сураггүй болсон усан цэргүүдийн заримынх нь цогцос тус хөлгийн усанд автсан тасалгаануудаас олдсон тухай Номхон далайн флотын командлагч мэдээлжээ.
“Өнөөдөр шумбагчид хөлгийн усанд автсан тасалгаануудаас зарим цогцсыг олж илрүүллээ” гэж адмирал Скотт Свифт өчигдөр Сингапурт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Тэрээр аврах ажиллагааг эцсийн найдвар тасрах хүртэл үргэлжлүүлэхээ энэ үеэр амлажээ. Мөн Малайзийн аврах багийнхан далайгаас цогцос илрүүлсэн тухай шинэ мэдээ ирснийг дуулгасан юм.
Одоогоор далайн 2,620 км.кв талбайг хамарсан хэсэгт АНУ, Сингапурын усан онгоцнууд, нисэх онгоцнууд, нисдэг тэрэгнүүд аврах ажиллагаа явуулж байна. Мөн Малайз, Австралийн талууд ажиллагаанд тусалж байгаа.
Даваа гарагт 150 метр урттай John McCain хөлөг, 180 метр урт Alnic MC нефт тээвэрлэгч хөлөгтэй Сингапурын зүүн эргийн ойролцоо мөргөлдсөн юм. Пуужин эсэргүүцэх зориулалттай John McCain хөлөгт ноцтой эвдрэл гарч, хэд хэдэн тасалгаа нь усаар дүүрсэн байдалтай Сингапурын тэнгисийн баазад хүрээд байгаа. АНУ-ын тэнгисийн флотын ерөнхий командлагч болсон осолтой холбогдуулан дэлхий даяар үүрэг гүйцэтгэж байгаа бүх байлдааны хөлөг онгоцнуудын ажиллагааг доод тал нь 24 цагаар зогсоогоод байгаа юм.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!