Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Талибаны удирдагч Афганистаныг Америкийн оршуулгын газар болгоно гэж сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Афганистаны талаар баримтлах бодлогоо зарласны дараа буюу өнөөдөр Талибанчууд Афганийг Америкчуудын оршуулгын газар болгоно гэж сүрдүүллээ.

Талибан хөдөлгөөний Афганистан дахь төлөөлөгч Забюллах Мужахид “Хэрвээ АНУ цэргээ Афганистанаас гаргахгүй бол удахгүй Афганистан тус улсын 21 дүгээр зууны оршуулгын газар болно” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Тэр бас Америкчуудыг “дайнаа үргэлжлүүлэх” тухай бодохын оронд хэрхэн гарахаа төлөвлөх хэрэгтэйг сануулжээ. Мужахид цааш нь “Манай газар нутагт Америкийн ганц цэрэг байгаа тохиолдолд ч бид жихадаа нэр төртэй үргэлжлүүлэх болно” гэсэн юм.

Америкийн түүхэнд хамгийн удаан үргэлжилж байгаа дайнаас гарах тухай үргэлж ярьдаг байсан Трамп саяхан амлалтаасаа буцаж, Афганистаны дайны ажиллагааг үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.

Хэлсэн үгэндээ Трамп нэмж илгээх цэргийнхээ тухай тоо баримт мэдээлээгүй ч Цагаан ордноос 3,900 хүртэл тооны цэрэг илгээх зөвшөөрөл Пентагонд өгөөд байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Мужахид Трампын мэдэгдлийг шинэ зүйл юу ч байхгүй, өмнөх ерөнхийлөгч Жорж Бушийн дээрэнгүй ааш авирыг давтсан агуулгатай гэж шүүмжилсэн байна.

 “Тэр зүгээр л Америк цэргүүдийн амийг үрж байна. Бид эх орноо хэрхэн хамгаалахаа сайн мэднэ. Юу ч өөрчлөгдөхгүй. Хэдэн үеэрээ бид дайтаж байгаа, биднийг айлгах юу ч байхгүй, эцсийн амьсгалаа дуустал бид дайныг үргэлжлүүлнэ” хэмээн тэр үл мэдэгдэх байрлалаас утсаар мэдээлжээ.

Талибаны командлагч одоогийн Афганий засгийн газрыг “Америкийн хүүхэлдэй” гэж нэрлэхээ мартсангүй.

Трамп хэлсэн үгэндээ өөрийн холбоотон Пакистаныг террористуудыг орогнуулж байна хэмээн хатуу шүүмжилсэн юм. Талибанчуудын Пакистан дахь холбоотон гэгддэг Хаккани бүлгийн удирдагч Трампын хэлсэн үгийг “тэр өөрийгөө Загалмайтны аян дайнч гэдгийг баталлаа. Хэлсэн үгнээс нь бүх муслимуудыг арчих санаа харагдаж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: AFP