Монголын Бурхан Шашинтны Төв(МБШТ) Гандантэгчэнлин хийдээс уламжлал болгон зохион байгуулдаг Бумбаны их тахилга энэ сарын 19, 20, 21-ний өдрүүдэд болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан Бумбаны тахилгын талаар Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.
-Бумбаны тахилгын талаар ерөнхийд нь ярьж өгөхгүй юу?
-Ерөнхийдөө бумба тахих үйлийг идээ будаа дэлгэрдэгтэй холбогдуулан намрын сард хийдэг.
Гонгорын бумба, Намсрайн бумба, Лусын бумба, Замбалын бумба зэрэг олон бурханы үүднээс эрдэм үйлсийн мөн чанар болсон бумба бүтээх ёс эртнээс уламжлан ирсэн байдаг.
Жишээлбэл, Гоногорын бумбанд ордог эд зүйлс нь хэн бүхний эгээрэл хүслийг хангах, сайн буяны чуулганыг хураах, эд мөнгө дутаж байвал эд мөнгө арвижуулах, эрүүл мэндээр гачигдалтай бол эрүүл саруул байлгах, өвчин зовлонтой байвал өвчин зовлонг нь амирлуулах тухай байдаг.
Үүнээс гадна найман тахил, долоон эрдэнэ болоод тухайн бурхныг өөрийг нь бумбан дотор залж, аравнайлан бурхны хүчийг шингээдэг. Ингэснээр бумба нь амилж, хүчтэй болно. Тухайн бурханд байдаг хүч чадал юм бүхэн орон гэрт бий болж байна гэсэн үг.
Энэ үүднээс аюул осолгүй, өвчин зовлонгүй, үр хүүхэд олонтой байх, уул ус, байгаль дэлхийн сайн сайхны төлөө бумбыг тахихад илүү ач тустай гэж үздэг.
-Бумба тахиснаар ямар ач холбогдолтой гэж үздэг юм бол?
-Бумбыг тахиснаар ямар учир холбогдолтой талаар сударт бичсэн байдаг. Бумбыг залсан айл гэр, хамт олны дунд бурхны шашин өнөд удаан орших, ахмад хөгшидийн нас уртсах, үр хүүхэд нь эрүүл саруул, ухаан хурц, идэр залуусын ажил үйлс бүтэмжтэй, цог золбоотой байх юм гэж тэмдэглэсэн бий.
Олон амьтны үгүйрэл хоосролыг арилгах, нас буян, цог учрал батжих, шашин төрийн үйл арвижин дэлгэрэх, Тэнгэр, Хүн, Лусын ертөнцийн идээ ундаа, эд таваар арвижин хурахын шалтгаан болж, энэ ба хойд насны хүсэл аяндаа бүтнэ гэж үздэг.
-Монголчууд бумбаны тахилгыг хэзээнээс хийж эхэлсэн уламжлалтай вэ?
-Монголд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн. Бумбаны тахилгыг Монголд Гэлүгба буюу Шарын шашин дэлгэрснээс хойш хийж эхэлсэн гэж үздэг.
Тухайн үед бумбан дотор олон төрлийн шүншиглэх зүйлс, эд агуурс, идээ будаа ордог байсан учраас айл болгон өнөөдрийнх шиг нэг нэг бумбатай байж чаддаггүй байсан.
Харин нутаг хошуу бүр өөр өөрийн гэсэн бумбатай, нутаг хошуугаараа нийлж бумбаа тахиж, цайлж, даллагаа авахуулдаг байж.
Орчин үеийнх шиг айл бүр гэртээ бумбатай болж, бумба тахих ёслол дэлгэрч эхэлсэн нь 1990-ээд оноос хойш гэж бодож байна.
-Ямар ямар төрлийн бумба байдаг вэ. Төрөл төрлөөрөө өөр өөр учир холбогдолтой байдаг гэсэн?
-Монголд Намсрайн бумба, Лусын бумба, Гонгорын бумбыг тахиж байна. Лусын бумба нь лус тахих тайх, шинэ байшин, гэр барихад тухайн газар орны лусыг аргадах үүднээс залдаг.
Гонгор бурхныг тахиж шүтэж байгаа хүн эд баялаг арвижаасай гэхээс илүүтэйгээр сайн сайхан бүхний төлөө сүсэглэж байвал бурхны таалалд багтдаг гэдэг.
Харин Намсрайн бумбыг тахиж шүтэхэд зарим цээрлэх зүйл бий. Жишээ нь хар хувцас өмсөхгүй байх, эмтэрсэн аяганд цай унд уухгүй байхаас гадна тарнийг нь байнга уншиж байх ёстой.
-Шүгдэнгийн талаар тайлбарлаж өгөхгүй юу. Үүнтэй холбоотой юу?
-Бидний тахидаг бумба Шүгдэнтэй ямар ч холбоогүй. Шүг шүтдэг хүмүүс өөрсдөө Дорж Шүгдэн сахиусыг залж тахидаг.
Харин Гандантэгчэнлин хийдийн бумбанууд Цагаан Махагал буюу Гонгор бурхан, Намсрай, Дарь-Эх, Замбала тэргүүтэн бурхадын үүднээс бүтээдэг.
-Бумбаны тахилгыг Гандантэгчэнлин хийдээс хэрхэн зохион байгуулдаг юм бол?
-Бумбаны тахилгыг Гандантэгчэнлин хийд тэргүүтэй олон газар хийж байна.
Манайхаас бумбаны тахилгыг зохион байгуулахдаа хүмүүсийн бумбыг хэдэн өдрийн өмнөөс цуглуулж, бүртгэдэг.
Тухайн хүний авчирч өгсөн бумбыг дугаарлаж, кодлоод нэг газар байршуулна. Ингээд Гандантэгчэнлин хийдийн Чойрын гурван дацан, Манба, Жүд гээд бүх дацангийн лам нар, сүүлийн дөрвөн жил Дашчоймпил дацангийн лам нартай нийлж, бумбаа тахиж байна.
Гэртээ бумбаа оруулж тавьснаас хойш гурав хоног цээр буюу амь таслах тэргүүтэн 10 хар нүгэл үйлдэхгүй зэрэг буян хишиг тогтоох үйлийг хийдэг.
-Хүмүүс тахилгад хэр идэвхтэй оролцдог бол?
-Манай Гандантэгчэнлин хийдийн тахилгад лам нар бүтээл бясалгалаа ном ёсчлон гүйцээгээд хурал номын ажил жигдэрнэ. Төрийн их жас сангийн бумба тэргүүтэй иргэд сүсэгтэн олон нэлээд идэвхтэй оролцдог. Тахилгад 2,000-3,000 бумба байна. Анх 400-500 бумба байдаг байсан.
Тахилгад орлцож байгаа хэн бүхэн итгэл үнэмшилтэй, сайн сайхан сэтгэлээр ханддаг учраас тухайн хүнд бидний тахилга тус дэмээ өгч байгаа гэсэн үг.
Өгч байгаа учраас жил ирэх тусам хүмүүсийн идэвх оролцоо нэмэгдэж байна.
-Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!