Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас 14 төмөр бетон тулгуур хугарч, зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт- Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.

Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар цахилгаангүй байна.

“ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад 2017.06.28-ны 21:57 цагт гарсан гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт цахилгаан тасраад байгаа юм. 

 

\Эрчим хүчний сайдын тушаалаар "ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарласан байна.

Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт:

  • Хангайн бүсийн салбар,
  • Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон,
  • 1 вышкатай бригад,

02:30 цагт:

  • Багануур ЗӨБ салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон машинтай бригад гэмтлийг засахаар гарсан байна.

Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй 1 маяти кран, 25 тоннын Хово кран, КАТ / газар ухагч машин / 5ш төмөр бетонон тулгуур ачиж 05:34 цагт гарчээ. 

 

Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.

Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байна. 

Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн гэмтлийг засах яаралтай арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байна.

 

Эх сурвалж. Эрчим хүчний яам