Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Петя” вирус зөвхөн Украиныг онилж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Мягмар гарагт дэгдсэн мэдээлэл барьцаалагч (ransomware) төрлийн “Петя” вирусны гол хохирогч нь Украин улс болоод байна.

Касперский Лабс компанийн мэдээлснээр хохирлын 60 хувь нь Украинд оногдож байгаа гэнэ. Уг вирус нь Украины төв банк, нисэх буудал, метро, бүр Чернобылийн цахилгаан станцын цацраг туяаг хянах байгууламжийг эзлээд байгаа ажээ.

Уг нь ийм төрлийн вирусны зорилго нь мөнгө олох байдаг. Мэдээллээ барьцаанаас чөлөөлж авах гэсэн байгууллага, хувь хүмүүс вирусыг тараасан хакерт мөнгө төлдөг уламжлалтай. Сонирхолтой нь “Петя” вирус барьцаалсан мэдээллээ буцаан сэргээхээс аль болох зайлсхийдэг, мөнгө төлөх арга нь ойлгоход хэцүү, одоог хүртэл цуглуулсан мөнгө нь ердөө $10,000 байгаа нь ransomware төрлийн халдлагын стандартаар өчүүхэн багад тооцогдоно. Тиймээс “Петя” нь мөнгө олох гэсэн дүр эсгэсэн улс төрийн явууллага байж магадгүй болоод байна. Мэдээж үүний цаана хамгийн түрүүнд Оросууд сэжиглэгдэж байгаа юм.

Украинд өргөн хэрэглэгддэг нягтлан бодох бүртгэлийн MeDoc програм Мягмар гарагийн өглөө програм шинэчлэх сэжигтэй урилга хэрэглэгчид рүүгээ явуулсан нь Петя тархах эхлэл болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн Украины томоохон мэдээллийн сайтын нүүр хуудсанд хорлогч код нэвтрүүлсэн нь өргөн тархахад нэмэр болсон тухай Касперский мэдээлжээ.

Үүнээс харвал тэд мөнгө олохоосоо илүү Украины гол гол байгууллагууд, чухал дэд бүтцийг эзлэхэд чиглэсэн байгаа юм.

Нэгэн сонирхолтой тохиолдлыг дурдахад Петя вирус тархаж эхэлсэн өдөр Киевт Украины армийн хурандаа Максим Шаповал автомашинд тавьсан бөмбөгөнд дэлбэрч амиа алдсан байна.

Тиймээс мэргэжилтнүүд уг халдлагыг ердийн нэг кибер гэмт хэрэг гэхээсээ илүү “улс төрийн” шинжтэй явууллага гэж дүгнэцгээж байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge