Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд нойроо нөхөх нь жингээ хасахад тустай гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ажлын өдрүүдэд хангалттай унтаж чадаагүй бол амралтын өдрүүдэд нөхөж илүү цагаар унтах нь биеийн жингээ нэмэгдүүлэхгүй байх ач холбогдолтой гэж Өмнөд Солонгосын судлаачид дүгнэжээ.

Хангалттай унтаж чадахгүй байх нь бодисын солилцоог алдагдуулж, жин нэмэгдэхэд хүргэдэг. Тэгвэл Өмнөд Солонгосын 19-82 насны 2,000 гаруй хүнд хийсэн судалгаагаар амралтын өдрүүдэд нөхөж унтах нь биеийн жинд ямар нөлөө үзүүлж байгааг илрүүлжээ.

Ингэхдээ судалгаанд оролцогчдын биеийн жингийн BMI (Body Mass Index) үзүүлэлтийг харьцуулан хэмжсэн байна. BMI нь хүний биеийн өндөр ба жингийн харьцаагаар таргалалт, илүүдэл жинг үнэлдэг арга юм.

Ингэхэд амралтын өдрүүдэд нөхөж унтдаг буюу ажлын өдрийн унтах цагаас доод тал нь 2 цаг илүү унтдаг хүмүүсийн BMI дунджаар 22.8 байхад нөхөж чаддаггүй хүмүүсийнх 23.1 байжээ. Хэдийгээр энэ зөрүү нь бага мэт боловч статистикийн хувьд тооцохгүй байхын аргагүй үзүүлэлт гэнэ.

Үүнээс гадна амралтын өдрийн унталт нь их байх тусам BMI нь буурах хандлагатай байжээ. Ажлын өдрүүдийн дундаж унтах цагаас илүү унтсан цаг тутамд BMI нь 0.12-оор буурч байсан гэнэ.

“Ажлын өдрөөр нойрны дутагдалтай явдаг бол амралтын өдрөөр аль болох сайн унтаж нөхөх хэрэгтэй. Ингэх нь таргалалтаас сэргийлдэг байх өндөр магадлалтай байна” хэмээн судалгааг удирдсан Сөүлийн үндэсний их сургуулийн Будан эмнэлгийн эмч Чан Хо Юн зөвлөжээ. Гэхдээ энэ нь нойр дутагдлыг эмчлэх шалгарсан арга биш бөгөөд нэмж унтсан цаг нь нэмэгдээд ч хүний унтах ёстой нийлбэр цагийн хэмжээнд хүрэхгүй бол үр дүн муутай байхыг тэр бас анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Japan Today