Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сайханбаяр: Бидний гол амбиц дэлхийд гарах

Л.Цэцэгжаргал, ЗУУНЫ МЭДЭЭ
2017 оны 6 сарын 21
Зууны мэдээ
 

“Naad” брэндийн угсардаг гэр сүүлийн үед гаднын жуулчид төдийгүй гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд хамгийн их эрэлт үүсгээд байна. Тиймээс  бид энэхүү төслийн санаачлагч “Талын эзэн” компанийн захирал С.Сайханбаярыг “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор урьж  ярилцсан юм. 

 -Танай бүтээсэн угсардаг гэр зах зээлд хүмүүсийн сонирхлыг маш ихээр  татаж байна. Бүтээх болсон анхны санаа хаанаас төрсөн талаар яриагаа эхэлье?

-Миний хувьд маркетингийн чиглэлээр МСS, Юнител зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан. Маркетингийн хүмүүст брэнд бүтээгдэхүүн гаргах маш том амбиц байдаг юм. Манай дотоодын зах зээл бага учраас юу хийвэл дэлхийн зах зээлд гарч болох талаар нэлээд их судалгаа хийсэн. Монгол Улсын онцлог өгөгдөл бүхий зүйл байх ёстой юм байна гэж үзээд, монгол гэр хийхээр болсон.

Дэлхийн тоглоомын зах зээлийг судлаад үзтэл, нэлээд өндөр дүн эргэлддэг төдийгүй орох боломж нь харьцангуй гайгүй байсан. Тэгэхээр тоглоом болон сувинерийн зах зээл нь боломжийн гэж үзээд гурван жилийн өмнөөс монгол гэр хийхээр оролдож эхэлсэн. Хүүхдийн тоглоом учраас эрүүл ахуйн асуудал маш чухал. Манай бүтээгдэхүүнийг гаднын жуулчид маш ихээр сонирхож байгаа.

Жуулчид Монголд ирээд хамгийн түрүүнд гэрт орж үзэхийг хүсдэг юм байна. Цаашлаад барьж үзэхийг хүсдэг ч боломж нь олдохгүй байсаар буцдаг. Тиймээс бид гэрийг авч үзсэн. Гэрээр эхэлсэн бидний бүтээгдэхүүн цаашлаад эд өлгийн соёл руу орж хэд хэдэн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөөд байгаа.

-Дараагийн бүтээгдэхүүн нь юу байх бол?

-Дараагийнх нь гэртэй холбоотой бүтээгдэхүүн байна. Гаднынхан биднийг “Та нар гудамжиндаа мориороо явдаг уу” гэж асууж байгаа нь угтаа бол доромжлол биш юм. Монгол хүн морь хоёрыг салгаж харах аргагүй.

Дэлхий дахинаа биднийг ингэж төсөөлж байхад, үүнийгээ хэрхэн гаргаж таниулах вэ гэдэг нь маш чухал. Тал нутаг, таван хошуу мал, гэр гурав нь нүүдэлчин монголчуудыг тодорхойлох өгөгдөл юм.

-Материалыг нь яагаад хуванцраар хийсэн юм бэ. Модоор хийсэн бол яг монгол гэрийн жижиг хувилбар байх байсан юм биш үү?

-Анхны загваруудаа модоор хийж үзсэн л дээ. Арваад загвар гаргаад хүмүүст үзүүлэхэд наадах чинь нэг л биш байна гэдэг байсан. Монгол гэр гэхээрээ л ийм болхи байх ёстой юм уу, дэлхийн стандарт руу дөхүүл гэсэн санал их ирсэн. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ явцад гурван жилийн хугацаанд маш их туршилтуудыг хийсэн.

Амжилттай, амжилтгүй бүх хувилбаруудаа бид хадгалаад явсан. Зарим улсад модон бүтээгдэхүүн зарахыг хориглодог юм байна. Хаанаас тайрсан ямар модоор хийсэн гэхчлэн гарал үүслийг нь шаарддаг. Тэгэхээр хуванцар материалыг эко бус гэж байгаа ч мод тайрч хийх нь бүр ч эко бус болж байна. Ер нь дэлхийн зах зээлд бараагаа худалдана, тухайн улсын хэрэглэгчээ ойлгоно гэдэг асар том асуудал юм байна.

Тиймээс бид дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд маш их судалгаа хийсэн. Тоглоомын зах зээлийн гол тоглогчид болох Лего, Маттел, Хасбро, Хэйп зэрэг брэндүүдийг судлахаас өөр зам байгаагүй. Тэгээд судалгааны дүнд хуванцрын технологи хамгийн тохиромжтой болж таарсан.

Хүүхдийн тоглоом учраас эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Тиймээс Солонгосоос бэлдцээ авч байна. Түүхий эд орцын хувьд яалт ч үгүй гаднаас авч байгаа ч 100 хувь Монголдоо үйлдвэрлэж байгаа. Манай улсын нэр гарах учраас Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн сайн байх ёстой шүү анхаараарай гэх хүмүүс олон байсан.

Бидний гол амбиц дэлхийд гарах. Тиймээс Монголчууд юм хийхээрээ сайн хийж чаддаг гэдгийг харуулахын тулд нэлээд чармайсан. Стандартад нийцээд эхлэхээр дэлхий өөрөө сонирхоод ирдэг юм байна. Бидэнд дистрибютер болох саналууд ч их ирж байгаа. Дэлхийд гаргахаар Монгол гэдэг нэр хамт гарах  учраас чанар стандартын дагуу гаргахын тулд амжуулах ажил их байна. Хуванцраа шийдсэний дараа эсгийний асуудал гарч ирсэн.

Монгол эсгийний орон гэгддэг ч Монголд үйлдвэрлэсэн эсгий халуун болон чийглэг оронд очихоороо үнэр гардаг юм байна. Монгол хонины ноос бүдүүн ширхэгтэй учир завсраар нь нян орж үрждэг төдийгүй хүүхдийн ам хамарт орох эрсдэлтэй байсан. Тийм учраас бид эсгийгээ одоогоор гаднаас авч байгаа ч алсдаа Монголдоо үйлдвэрлэхээр зорьж, мэргэжлийн байгууллагад ч хандаад байна.

 

-Таны ярианаас  үзэхэд маш их судалгаа хийсэн тухай ярьж байна. Салбараа судална гэдэг бизнест чухал гэдэг?

-Тийм шүү. Дээр хэлсэнчлэн МСS, Юнител зэрэг байгууллагын соёл сайтай том компанид ажиллаж байсан маань надад их туршлага болсон. Аливаад судалгаа шинжилгээтэй, ул суурьтай хандах сонирхолтой болдог. Ер нь монголчууд бид бүгдийг өөрөө хийх гээд гүрийгээд байдаг.

Гэтэл дэлхий дээр бизнесийн загвар маш өөр болсон. Iphone-г Хятадад үйлдвэрлээд угсраад, дизайныг Калифорниад, оюуны өмчийг Америк компани эзэмшдэг. Хаана, юуг сайн хийж байна тэнд нь хямд хийлгэхийг зорьдог болсон. Бид энэ моделийг ашиглахыг хичээж байгаа. Бараа материалаа Хятад, Солонгос, Оросоос татаж үйлдвэрлэлээ 100 хувь Монголд явуулж байна.

Бүрээсээ оёдлын компаниар оёулж, хуванцрын үйлдвэрээр хуванцраа, хайрцгаа “Эко пак” үйлдвэрт хийлгэх зэргээр монгол компаниудын нэгдэл манай бүтээгдэхүүн дээр ажиллаж байна. Оёдлын ажлыг гэхэд л дан тэтгэврийн хүмүүс хийдэг. Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд анхны бүтээгдэхүүнээ өлгийдөж авсан.

Хүүгийн минь төрсөн өдөртэй давхацсан болохоор бүтээгдэхүүний дээжээ хүүдээ бэлэглэсэн. Олон сар зовж хийсэн бүтээгдэхүүнээ хүүдээ бэлэглэх гоё мэдрэмж юм билээ.

-Брэнд бүтээгдэхүүнд нэр хамгийн чухал байдаг. Яагаад “NAAD” гэж нэрлэсэн юм бэ?

-Манай брэндийг үүсгэн байгуулагч таван хүн байдаг. Санаачлагчид, зөвлөх, зохион бүтээгчид, санхүүч, зах зээлд нэвтрүүлэгч гээд манай баг маш сайн бүрдсэн. Тийм болохоор цаашид нэлээн хол явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Анх тоглох наадах гэсэн үгийн үндэс “Наадгай” нэрийг гаргаж ирж байсан.  

Манай төслийн зөвлөх, үүсгэн байгуулагчдын нэг ШУ-ны гавьяат зүтгэлтэн проффесор С.Дулам багш өв соёл талаас нь зөвлөгөө өгч хамтарч ажилладаг. Тэр хэлэхдээ “ай” эгшгийг гаднынхан ихэнх нь хэлж чаддаггүй. Тэгэхээр “NAAD” гэж нэрлэсэн дээр гэж зөвлөсөн. 

-“NAAD” брэндийн гол худалдан авагч нь хэн байна вэ?

- Нийт худалдан авалтын 80 орчим хувь нь гадагшаа чиглэж байна. Гадаад найздаа бэлэглэх гэсэн юм. Монгол хэлээ мартсан шахуу зээдээ явуулъя. Монгол гэрээ ч болсон мэдээд аваг гэсэн хүмүүс манай гэрийг их авдаг. Өвөрмонголчууд манай бүтээгдэхүүнд үнэхээр хүндэтгэлтэй хандаж байгаа. Анх дэлгүүрт орж ирээд баярлаад, хайрцагтай бүтээгдэхүүнд мөргөж байсан.

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэхээр гоё. Энэ бол бахархал. Би энэ бүтээгдэхүүнийг нутагтаа аваачиж худалдаална гээд авч явсан. Бид өвөрмонголчуудыг ийм хурдан авна гэж бодоогүй. Өвөрмонголын Хөх хотод манай гэр маш сайн зарагдаж байгаа.

Сүүлийн үед үндэсний том компаниуд гаднын зочдодоо бэлэглэхээр ихээр худалдаж авч байгаа. Компанийнхаа логог гэрийн бүрээсэн дээр оёулж авч байна. Монгол улсаа сурталчлан өв соёл, түүхээ таниулах тал дээр үндэсний компаниудтай хамтарч ажиллахдаа бид баяртай байх болно. Гадагшаа явуулах ямар нэгэн бэлэг хэрэгтэй бол бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна.

-Аmazon.com, ebay.com, alibaba.com зэрэг онлайн худалдаагаар олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөө бий юу? 

-Судалж үзсэн л дээ. Amazon, ebay-тэй хамтаръя гэвэл Америкт компанитай байх ёстой. Америкт  данстай эргэлтийн хөрөнгө шаарддаг юм билээ. Танай бүтээгдэхүүний дистрибютер больё гэж олон хүн санал тавьж байсан.

Бид дэлхийн том сүлжээ рүү аль болох өөрсдөө орохыг хүсэж байна. Харин Хятадын худалдааны Аlibaba.com-ийг “Тэсо” компани төлөөлж байгаа болохоор тэдэнтэй хамтарч ажиллахаар ярилцаж байгаа.

-Хөрөнгийн зах зээлд IPO хийвэл илүү өргөн хүрээнд бизнес хийх боломж бүрддэг. Ер хөрөнгө оруулъя хамтаръя гэх хүмүүс байх юм уу?

-Хөрөнгө оруулалт мэдээж хэрэгтэй байгаа. Бизнес өөрөө өсөлттэй байх ёстой. Хөрөнгө оруулалт хийвэл тоног төхөөрөмжөө шинэчлэн хагас автоматаар хийгдэж байгаа зарим зүйлсээ бүрэн автоматжуулах боломж бий. Ер нь олон улсын зах зээлд гаргахын тулд нэлээд хөгжих хэрэгтэй юм байна лээ.

Олон үзэсгэлэнгүүдэд  оролцож, өөрийгөө таниулах хэрэгтэй байна. Бизнесийн уулзалтуудад очиж өөрсдийн хүсээд байгаа амбицаа, бизнес төсөл болгоод танилцуулмаар байна. Иймэрхүү байдлаар хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Санаагаа тодорхой түвшинд хүргээд дараагийн шат руу ороход тодорхой дэмжлэг хэрэгтэй л байна. Манайхаас гадаадын зарим орон руу татваргүй бараа гаргах жагсаалт гаргасан байдаг юм билээ.

Тэрэнд орсон эсэхийг мэдэхээр судалж байна. Төр, засаг заавал мөнгө хөрөнгө гаргахгүйгээр бодлогын дэмжлэг үзүүлэх нь их хэрэгтэй санагдсан. Тэгэхээр улс ямар үед нь дэмжих вэ гэдэг их чухал юм байна.

Мэдээллийн Технологийн Үндэсний паркаас хөнгөлөлттэй үнээр оффисоо түрээслүүлж байгаа нь гарааны бизнес хийж байгаа компанид маш том дэмжлэг болж байна. Энэ дашрамд тус байгууллагын удирдлагуудад  баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

Манай бүтээгдэхүүнийг http://www.naadbrand.com/ хаягаар орж сонирхоорой. Бидэнтэй 77118844 утсаар холбогдоорой.

Зураг