Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo-гийн гүйцэтгэх захирал Мэрисса Мэйерийн эрин албан ёсоор дууслаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Интернэтийн домог болсон Yahoo компанийн үндсэн бизнесийг харилцаа холбооны Verizon компани $4.5 тэрбумаар худалдаж авах наймаа өчигдөр албан ёсоор дууслаа.

Ингэснээр тус компанийг сүүлийн таван жил удирдсан гүйцэтгэх захирал Мэрисса Мэйер өнөөдрөөс албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа юм. Тэр ажлаа дүгнүүлэн их хэмжээний мөнгөн шагнал авсан ч маш муу нэртэй үлдэж байна.

2009 онд Мэйер Google компанийн мандаж байгаа одуудын нэгэнд тооцогдож, Glamour сэтгүүлийн нүүрэнд “Оны эмэгтэй” хэмээн залагдаж байв. Харин өнөөдөр түүнийг технологийн салбарын хамгийн муу удирдагч гэсэн цол дагалдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Owler сайтын судалгаагаар ийм үр дүн гарсан юм.

Тэрээр Yahoo компанийг эргүүлэн сэргээх гэж янз бүрээр оролдоод бүтэлгүйтсэн. Хэд хэдэн бизнесийг худалдан авч, хүчээ зузаатгах гээд бараагүй. Үүн дотор $1.1 тэрбумаар Tumblr блогийн платформыг худалдаж авсан түүх багтаж байгаа. Ганц гялтайх хөрөнгө болох Алибабагийн $40 тэрбумын үнэлгээтэй эзэмшлээ Yahoo-гаас салгаж бизнес болгох санаа боловсруулсан ч дэмжигдээгүй. Олон мянган ажилтныг цомхотгож, хамтрагчдаа өөрөөсөө холдуулсан Мэйер үрэлгэн зан, хэт жижиг зүйлд оролцдогоороо алдартай байв.

Мэйерийг анх Yahoo-д ирэхэд тус компани уналтын байдалтай байсан бол түүний ажилласан жилүүдэд уналт нь эрчимтэй үргэлжилсэн юм. Нэгэн үе хайлтын системд ноёлж байсан байр сууриа Google-д алдаж, интернэт порталын бизнес загвар нь нэгэнт хоцрогдсон байлаа.

2008 онд Майкрософт компани Yahoo-д $45 тэрбумаар худалдаж авах санал тавихад үүсгэн байгуулагчдын нэг, тухайн үед ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал байсан Жэрри Ян ихэмсэгээр татгалзаж байсан юм.

Уг саналын оронд залуу удирдагч Мэрисса Мэйерийн ур чадварт итгэсэн нь өнөөдрийн үр дүнд хүргэжээ.

Хэдийгээр энэ нь нэг хүнийг хувийн үзүүлэлт мэт боловч эмэгтэйчүүдийн удирдах ажлын ур чадварт итгэх итгэлийг унагасан муу жишиг болж тогтож байгаа юм. Таван жилийн эцэст ажлаа өгч байгаа Мэйерт Yahoo компанийн хөрөнгө оруулагчид $186 саяын урамшуулал олгожээ.

Түүнд технологийн салбарт дахин ажиллах боломж байхгүй гэж ажиглагчид үзэж байгаа. Гэхдээ хангалттай мөнгөтэй болсон Мэйер ажил хийхгүй амьдрах боломжтой болсон юм.

 

Эх сурвалж: Quartz