Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

15 жилийн хоригдох ялтай Америк оюутныг Хойд Солонгос суллалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд зочид буудлаасаа үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэж оролдсон хэмээн буруутгагдаж, хөдөлмөрийн чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хоригдох ял хүртсэн АНУ-ын коллежийн оюутан Отто Уормберыг Хойд Солонгосын эрх баригчид суллажээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон “Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу оюутан Отто Уормберийг шилжүүлж авах ажиллагааг төрийн департмент зохион байгуулж байна” гэж өчигдөр мэдэгдсэн байна. Уормберийг Японы Саппоро дахь цэргийн баазаар дамжуулан Мягмар гарагийн орой Цинцинаттид гэрт нь хүргэжээ. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт төрийн нарийн бичгийн даргын орлогч Жозеф Юн эмч нарын хамт Пёньянд очсон юм байна. Оюутны эцэг эхийн мэдээлснээр хүү нь одоо болтол ухаангүй байгаа ажээ.

Уормбер 2016 оны гуравдугаар сард хэвлэлийнхэнд үзэгдсэнээс хойш жил гаруй хугацаанд ухаангүй байгааг Вашингтон Пост сонин мэдээлсэн байна.

Шүүх хурлын дараа Уормберт ботулизм хэмээх нэг төрлийн хоолны хор өгсөн бөгөөд тэр цагаас хойш сэрэлгүй унтсаар байгаа гэжээ. Хүүгээ ийм байдалтай байгааг эцэг эх нь ердөө долоо хоногийн өмнө мэдсэн байна. Уормберийг зочид буудлаас үзэл суртлын зурагт хуудсыг хулгайлж авсны төлөө баривчилж байгаагаа Хойд Солонгосын эрх баригчид 2016 оны нэгдүгээр сарын сүүлээр зарласан юм.

Түүний нэг найз нь ийм зурагт хуудас олж ирвэл $10,000-ын үнэтэй хуучин машинаа өгнө гэж амласан тухай Уормбер хэвлэлд уйлан ярьж байжээ. Харин үүнийхээ төлөө баривчлагдаж, Хойд Солонгост үлдвэл ар гэрийнхэнд нь $200,000-ыг буяны сангаас өгүүлнэ гэж найз нь амласан гэнэ. Санхүүгийн хүнд нөхцөлд байгаа гэр бүлээ аврахын тулд Уормбер дээрх нөхцлийг зөвшөөрснөө баривчлагдсаны дараа ярьжээ.

Харин Хойд Солонгос түүнийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 15 жил хорих ял оноож байв. Тиллерсон мэдэгдлийнхээ үеэр өчигдөр Пёньянд очсон гэгдэж байгаа сагсан бөмбөгийн од Дэнис Родмэны тухай огт дурдаагүй байна. Төрийн департмент Хойд Солонгост хоригдож байгаа үлдсэн гурван америк иргэнийг суллуулах талаар Пёньянтай үргэлжлүүлэн хэлэлцэх тухай Тиллерсон амлажээ.

Уормберийн биеийн байдлын талаар ерөнхийлөгч Дональд Трампад мэдээлсэн гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today