Өмнөд Солонгост байрлуулаад байгаа АНУ-ын THAAD пуужингаас хамгаалах системийг тагнаж байсан Хойд Солонгосын дроныг олзолсноо Өмнөдийн армийн төлөөлөгчид өнөөдөр мэдээлжээ.
Sony хийцийн камер бүхий жолоочгүй нисдэг төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын хилийн орчмоос олсон юм байна. Дрон тагнуулын ажиллагаа гүйцэтгээд буцаж явахдаа гэмтэж, газарт унасан бололтой.
Өмнөд Солонгосын армийнхан дроны камерын 64GB санах байгууламжаас THAAD-тай холбоотой 10 гэрэл зургийг илрүүлсэн байна. Бусад зургууд нь тариан талбай, иргэний зориулалттай байгууламжуудыг харуулсан байжээ.
Дрон нь Хойд Солонгосын зэвсэглэлд шинээр орж ирсэн хэрэгсэл юм. 2014 онд хэд хэдэн ийм дрон Өмнөдийн газар нутгаас илэрч байжээ. Тухайн үедээ дронуудыг үзэж шинжилсэн мэргэжилтнүүд харьцангуй чадал багатай, болхи хийцтэй боловч аюул учруулахыг үгүйсгэхгүй гэж тэдгээрийг дүгнэж байв.
THAAD системийг суурилуулсан хойд Гёнсан мужийн Сёнжу суурин нь хоёр Солонгосын хилээс 270 орчим километр зайтай байдаг юм.
Дрон хол зам туулахдаа зай тэжээлийн хомсдолд орсон байж магадгүй байна.
Дроны камераас илэрсэн зарим гэрэл зургууд:
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!