Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсын парламент Катарт цэрэг байрлуулах хуулийг дэмжлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Катар болон Арабын орнуудын хооронд үүсээд байгаа зөрчил улам даамжирч байна. Өчигдөр Турк улсын парламент өөрийн цэргийг Катарт нэмж байрлуулах хуулийн төслийг дэмжжээ.

Хуулийн хүрээнд Анкарагийн 2014 онд Катарт байгуулсан цэргийн баазад цэрэг нэмж байрлуулах aжээ.

Исламын улс зэрэг өөр олон тооны террорист бүлэглэлүүдийг дэмждэг, санхүүжүүлдэг гэх шалтгаанаар Даваа гарагт Саудын Араб, АНЭУ, Бахрайн, Египет, Иемен, Мальдив улсууд Катараас дипломат харилцаагаа тасалсан юм. Мөн Ливийн газар нутгийг хянаж байгаа гол гурван цэргийн дэглэмийн нэг энэ бүлэгт нэгдэн орсон байна.

Гэхдээ Туркийн тал энэхүү хуулийн төслийг Катар-Арабын хямрал эхлэхээс өмнө бэлдсэн байсан гэж мэдээлж байгаа. Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Катараас нүүр буруулсан Арабын орнуудыг хатуу шүүмжилсэн мэдэгдэл саяхан хийжээ.

Тэрээр дипломат харилцаагаа таслах, эдийн засгийн хориг тавих нь зөв алхам биш гээд Катарыг дэмжиж, талуудын хооронд зуучилж ажиллахаа Мягмар гарагт амласан юм. Турк, Катар улсууд найрсаг харилцаатай орнууд бөгөөд хоёул Египетийн “Муслим ахан дүүс” нэртэй улс төрийн байгууллагыг дэмждэг. Харин уг хөдөлгөөнийг нь Саудын Араб, АНЭУ улсууд хууль бусд тооцон хориглодог юм.

Турк ба Катар нь мөн Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг тэмцэгчдийг дэмждэг. Катар дахь баазад одоогоор Туркийн 150 цэрэг байрладаг бол шинэ хууль хэрэгжсэнээр 3,000 цэрэг нэмж илгээх юм байна.

 

Эх сурвалж: Russia Today