Буу, тэсрэх бодисоор зэвсэглэсэн этгээдүүд өнөөдөр Ираны парламентын ордон, Исламын хувьсгалын удирдагч асан Аятолла Хомейнигийн бунханд зэрэг халдлага үйлдлээ.
Халдлагын улмаас гурван хүний амь үрэгдсэн тухай төрийн мэдээллийн суваг дамжуулжээ. Одоогоор хэргийн цаана хэн байгаа нь мэдэгдээгүй ч Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцлийн нэг гол тоглогч нь Иран улс юм.
Парламентын ордонд гар буу, урт буугаар зэвсэглэсэн дөрвөн этгээд довтлоход нэг харуул, нэг энгийн хүн алагдсан байна. Цэргийнхэн ордонг бүслэх үеэр халдагч этгээдүүдийн нэг нь дөрвөн давхарт өөрийгөө золиослон бөмбөг дэлбэлжээ.
Тегераны өмнөд хэсэгт орших Аятолла Хомейнигийн бунханд мөн зэвсэгт халдлага болох үеэр бунхны цэцэрлэгч алагдаж, өөр хэд хэдэн хүн шархдсан байна. Бунхны гадаа нэг эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлж, биедээ зургаан гранат бэхэлсэн өөр нэг эмэгтэй баривчлагджээ.
Парламентын ордон болон Хомейнигийн бунхан хооронд 20 километр зайтай юм. Эдгээр газруудад одоо болтол буудалцаан үргэлжилж байгааг Ираны ILNA агентлаг мэдээллээ.
Тегеран хотод хөл хорьж, гудамж замуудыг хаан, метрог хэсэгчлэн зогсоожээ. Иран улс Исламын улс зэрэг экстремист бүлэглэлүүдийн халдлагад байнга өртдөг ч том хотуудад нь ийм хэрэг гардаггүй байв.
Исламын шийт урсгалын төв гэгддэг Иран улс суннит урсгалын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэхэд нь Сири, Иракийн засгийн газруудад дэмжлэг үзүүлдэг юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Исламын улс бүлэглэлийн гаргасан видео дүрсэнд перс хэлээр тэд удахгүй Ираныг эзлэн суннит улсыг байгуулна гэж мэдэгдэж байжээ. Пакистантай хил залгаа Ираны зүүн өмнөд Систан-Балучистан мужид суннитууд голлон суудаг бөгөөд тэнд Исламын улс бүлэглэлийн салбар үйл ажиллагаагаа нууцаар явуулдаг.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|