2017 оны хоёрдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн эцэст байрлах “Wellmart” худалдааны төвд шөнө гал гарч, түрээслэгчдийн бараа шатсан билээ. Дөрвөн сарын өмнө болсон энэ хэргээс түрээслэгчид одоо болтол хохирлоо барагдуулж чадаагүй байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг асуудлаар өмгөөлөгч Г.Батбаяр “Энэ хэргийг мөрдөн шалгаснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хохирогчдын төлбөр барагдсангүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд ахиц, дэвшил гарсангүй.
Гал гарсны дараа тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд заагдсан үйл ажиллагааг явуулаагүй. Учир нь эд хөрөнгийг битүүмжилснээрээ хохирлыг хурдан барагдуулах боломж байсаар байтал өнөөдрийг хүртэл энэ боломжоор хангаагүй. Нэг ч төгрөгний барааг битүүмжлээгүй байгаа нь хохирлыг цаашид улам нэмэх нөхцөл байдал үүсгээд байна.
Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 138.2 буюу Хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хоёр давхрын цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хохирогчдын нийт хохирол 800 гаруй сая төгрөг болсон.
Энэ хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгагдаад явж байна” гэв.
Энэ талаар түрээслэгч Ц.Золжаргал “2016 онд хийсэн гэрээгээр өглөөний 08:00-20:00 цаг хүртэл эд бараагаа алдвал түрээслэгчид, оройны 21:00 цагаас өглөөний 10:00 цагийн хооронд эд бараагаа алдвал түрээслүүлэгч компани бүрэн хариуцна гэсэн заалттай юм билээ.
Гэсэн хэдий ч одоо хохирлыг минь барагдуулж өгөхгүй байна. Би 60 гаруй сая төгрөгийн хохиролтой. Хамгийн бага нь 20 саяас 100 гаруй сая төгрөгийн хохиролтой, нийт 36 хүн байна. Бид нэг ч төгрөг авч чадаагүй байна. Өгөхгүй ч үгүй, уулзах ч үгүй байна. Энэ хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Гэтэл хохирлыг маань өгөхгүй, үгүйсгэсэн байдалтай харьцаад байна.
Бид банкны зээлтэй, өнөө маргаашийн хоолгүй шахуу болчихоод байгаа. “Well mart” худалдааны төвийн хохирогчдын хохирлыг хурдан барагдуулж өгөөч” гэв.
Түрээслэгч Т.Нэргүй “Өмнө нь 2013 онд ус алдаад их хэмжээний хохирол бидэнд учирсан. Бараа таваар норсон болохоор бид хохирлоо нэхэмжлээгүй, чимээгүй өнгөрсөн. Гал гарсан нь хоёр дахь тохиолдол. Бид дахин дахин хохирч байна.
Надад 50 мянган төгрөгийн 70 ширхэг гуталны 3.5 сая төгрөг өгье гэсэн. Манайх хоёр нэр төрлийн бараа зардаг. Би тэр мөнгөөр яаж тэр том талбайгаа дүүргэх вэ. Лангуу тохижуулахад л орох мөнгийг өгнө гэж надад хэлсэн. Энэ байж боломгүй. Биднийг үнэхээр дорд үзэж, доромжилж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!