Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганхуяг: Хүссэн, хүсээгүй бид нүүх л хэрэгтэй

Монголын мэдээ
2017 оны 5 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

“Ногоон алт” буюу бэлчээр нутгаа хэрхэн зүй зохистой ашиглаж, талхлагдаж доройтсон бэлчээрийг яаж нөхөн сэргээх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.

-Манай улсын нийт бэлчээр нутгийн 65 хувь нь талхлагдсан гэдэг судалгааг та бүхэн гаргажээ. Гэхдээ үүний 95 хувийг 1-10 жилийн хугацаанд дахин сэргээж болно гэж үзсэн юм байна. Энэ талаар тодруулаач?

-Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь бэлчээрийн менежментийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллага. Тиймээс судалгаа, шинжилгээний ажлуудад тодорхой хэмжээгээр оролцдог. 2015 онд үүнийгээ тайлан болгож гаргасан. УЦУОШХ энэ тайланд голлох үүрэгтэй оролцсон. Энэ тайлангаа ирэх онд шинэчлэн гаргах юм билээ. Манай байгууллагын хувьд бэлчээр нэгэнт доройтжээ, энэ байдал цаашид үргэлжлэх нь тодорхой болсон учраас малчдыг зохион байгуулалтад оруулж, тулгамдсан асуудлаа харилцан ярилцаж, шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.

Тухайлбал, хөдөө, орон нутаг, суманд юу хийж байна вэ гэвэл дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчид хамтраад бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийг байгуулахад нь дэмжиж байна. Энэ хэсэг бүлэгт нутаг бэлчээр нэгтэй 30-40 малчин өрх хамтардаг. Ингэж ажилласны үндсэн дээр бэлчээрийн доройтлыг бууруулж, малын чанараа сайжруулах, ашиг орлогоо хүртэл нэмэгдүүлэх гээд тодорхой хэмжээний үр дүн гарч ирдэг.

Энэ чиглэлээр баруун бүсийн долоон аймаг сүүлийн 10-аад жил ажиллаж тодорхой хэмжээний үр дүн гарч, маш их хэмжээний туршлага хуримтлуулсан байна. Эдгээр малчдын бүлэг хөгжиж сум, орон нутгийнхаа амьдралд тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг болжээ. Тиймээс бид энэ жилээс эхлээд баруун бүсэд хуримтлагдсан туршлагыг төвийн болон зүүн бүс нутагт түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байна.

Саяхан орон нутагт ажиллаад ирлээ. Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн малчид бэлчээр доройтож байгаа гэдгийг бүгд мэдэж байна. Эндээс харин хэрхэн гарах вэ гэдэг аргаа олохгүй байна. Ингээд туршлага яриад өгөхөөр тэр хүмүүс “Нээрээ, ингэж нүүх ёстой байсан юм байна”, “Бэлчээрээ заавал сэлгэх ёстой юм байна”, “Дундаасаа мөнгө гаргаж худгаа засах ёстой юм байна шүү дээ” гэдгийг ойлгож эхэлж байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд “Ногоон алт”, “Цагаан алт”, “Хар алт” гээд янз бүрийн алтны тухай их ярьдаг болжээ. ”Ногоон алт” гэхээр мэдээж тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжиж, ногоон бизнесийг хөгжүүлэх талаар бодлого чиглэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ малчны хотонд буюу жинхэнэ бэлчээр ашиглаад явж байгаа хүмүүстээ энэ ойлголт ямар байдаг бол. Өөрөөр хэлбэл, энд тэнд хэрэгжиж буй олон төсөл хөтөлбөр Монголын хөрсөнд яаж бууж байна вэ?

-Монголын хөрсөнд буулгахын тулд аймгийн Засаг даргаасаа эхлээд тухайн орон нутаг, сумынхан, малчид хүртэл энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Гэхдээ төсөл хөтөлбөр цөөхөн газар хэрэгждэг. Саяхан бидний яваад ирсэн гурван аймагт гэхэд нэг аймгийн 2-3 суманд л төсөл хөтөлбөр хэрэгжиж байсан. Бусад суманд нь иймэрхүү зүйлийг ярихгүй байна. Бид 15 суманд очиж ажиллаад ирлээ.

Энэ нь нэг талаасаа малчдаас өөрсдөөс нь их шалтгаалж байгаа. Бидний ярьж буй зүйл бол нэгэнт үр дүн нь гарчихсан туршлага учраас хөрсөн дээр буулгахад түвэггүй юм. Гэхдээ орон нутгийн малчид маань үүнийг газар дээр нь очиж үзье гэдэг саналтай байна. Манай нутагт таарч тохирох нүүдэл суудлын арга технологи байвал бид авч хэрэглэе гэж байгаа юм. Тиймээс бид одоо төсөл гэж ярихаас илүүтэйгээр нэгэнт бий болсон туршлагыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж буй нь арай ололттой.

-Монголчуудын уг гарвал нүүдэлчин. Жилийн дөрвөн улирлын турш, зарим улирал бүр илүү олон удаа нүүдэг байсан. Гэтэл энэ уламжлал маань алдагдаж, тэр ч байтугай жилийн дөрвөн улирлын турш нэг нутаг дээрээ амьдардаг айл ч бий болсон гэх юм. Энэ нь юутай холбоотой вэ?

-Уламжлалт арга ажиллагаа маань бүдгэрч байна. Яагаад нүүж суудаг байсан, отор нүүдэл хийдэг байсан, эр, сувай малаа оторт гаргадаг байсан зан заншил маань орхигдоод байна вэ гэвэл хамгийн түрүүнд байгаль, цаг уур нөлөөлж байна. Усан хангамжийн хүрэлцээнээс шалтгаалж буй юм. Нөгөөтээгүүр, төв суурин газар, зам харилцаа, зах зээлээ бараадсан төвлөрөл бас байлаа.

Бидний хийсэн судалгаагаар төвийн бүс нутагтаа нүүдэл суудлын тоо ерөөсөө л дулааны, хүйтний гээд хоёрхон болжээ. Харин баруун бүс нутагт малчид жилд 4-7 удаа нүүдэг уламжлал бас харьцангуй хадгалагдаж үлдсэн байна. Энэ уламжлал бүдгэрч буй нь олон шалтгаантай. Үнэхээр хүн хүчгүй байж болно. Гэхдээ орчин үеийн малчид маань нэг их түвэгтэй зүйл хийгээд байхыг хүсэхгүй болчихжээ.

Байшин бариад суурин сууж, хүүхдүүдээ сургуульд өгөхийг боддог болсон байна. Энэ мэтийн олон шалтгаан бий. Гэхдээ манай энэ бүс нутаг их хуурай, хур тунадас бага ордог. Тиймээс нэг газраа удаан сууж бэлчээр ашиглах боломжгүй бүс нутаг байхгүй юу. Хүссэн, хүсээгүй бид нүүх л хэрэгтэй. Дор хаяж жилдээ дөрөв нүүгээд, цаашилбал, улиралдаа 1-2 удаа холхио нүүдлүүдийг хийж байх ёстой. Малчид үүнийг ойлгож байна.

Гэхдээ ахмад малчид илүү түлхүү ойлгодог. Залуу малчид харьцангуй бага ойлгож байна. Тийм учраас энэ чиглэлийн сургалт, мэдээллийг залуу малчид руу илүү чиглүүлэх хэрэгтэй болжээ. 

-Нэг ёсондоо залуу малчдад “номын дуу” сонсгох хэрэгтэй болжээ гэсэн үг үү. Уг нь амьдрал ахуй, уламжлалаасаа суралцсан байх ёстой зүйл биз дээ. Тэгээд ч нүүдэл суудал хийх нь монгол малчинд шинэ зүйл биш л байлтай? 

-Уламжлалаасаа суралцдаг байсан бол одоо тэр уламжлал нь алдагдчихсан. Хамгийн гол нь хүмүүсийн хоорондын харилцаа их холдсон байна. Уулынхаа мухрыг сахиад “Би л хувиа борлуулж байвал болно оо” гэсэн сэтгэхүй давамгайлж байна. Ийм учраас ахмад малчин Дорж, Балдан гуайнд очиж, мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуух нь сул болжээ. Тэгээд ч зах зээлийн нийгэмд шууд айлд давхиад очиход хэцүү болсон цаг юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хүмүүсийн амьдралын хэв маяг, сэтгэхүйтэй холбоотой зүйл маш их байна.

 

Зураг