-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.17/ хуралдаанаас гаргасан шийдвэр-
Гадаадаас ажиллах хүч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ХЗДХЯ, ХНХЯ-наас хамтарсан шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаан танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.
Шалгалтаар:
- Аж ахуйн нэгжүүд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнээ Засгийн газрын тогтоолд заасан ажлын байрандаа ажиллуулж байгаа эсэх,
- Уг ажлыг дотоодын ажиллах хүчнээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх,
- Зарим ажил нь үнэхээр гадаадын мэргэжилтэн гүйцэтгэх ёстой нарийн мэргэжлийнх мөн эсэх, хэрвээ биш бол Монгол иргэдээ ажиллуулах зэргийг судалж шалгахыг хоёр яамны хамтарсан ажлын хэсэгт чиглэл болголоо.
Товч мэдээ:
- УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов.
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг баталлаа.