Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн 150 улсыг хамарсан WannaCry вирусны халдлагад Монголын компьютерууд өртжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 16
IKON.MN

АНУ-ын тагнуулынхны ашигладаг байсан Windows системийн цоорхойг ашиглан өнгөрсөн Баасан гарагаас тархсан гэгдэж байгаа WannaCry вирусны халдлагад дэлхийн 150 орчим улсын 200,000 гаруй компьютер өртөөд байна.

Халдсан компьютерийнхаа мэдээллийг кодлон түгжиж барьцаалаад эзнээс нь $300 орчмыг нэхдэг уг вирусны халдлагыг түүхэнд тохиож байгаагүй хамгийн өргөн хүрээнд явагдсан ажиллагаа гэж үзэж байгаа юм.

Энэхүү вирусны тархалтыг санамсаргүй зогсоосон Британий мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн залуу дэлхийн өнцөг булан бүрээс серверт нь ирж байгаа халдварлагдсан компьютеруудын хүсэлтийг бүртгэж, газар зүйн байрлалаар нь дүрсэлсэн мэп гаргажээ. Түүний хэрхэн вирусны мэдээллийг бүртгэж чаддаг болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

 

Эндээс харвал Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа хэд хэдэн компьютер WannaCry вируст олзлогдсон болох нь харагдаж байна.

Дээрх мэдээлэл нь Даваа гарагийн өглөөний байдлаарх үр дүн юм. Одоогоор олон нийтэд ил болсон хор хохирлын талаар мэдээлэл гараагүй байна. Дэлхийн бусад улсуудаас ирж байгаа мэдээллээр бол зарим төрийн болон хувийн байгууллагууд чухал мэдээллээ барьцаалуулсан тохиолдлууд байгаа юм.

 

Эх сурвалж: ibtimes.co.uk