Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрөөс эхлэн Монгол Улсад албан ёсоор TOPCIT шалгалтыг тогтмол авч байхаар боллоо"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 15
IKON.MN
 

Мэдээлэл технологийн салбарын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TOPCIT шалгалтын нээлт өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркт боллоо. 

TOPCIT шалгалтыг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Мэдээллийн технологийн үндэсний парк болон БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институци хамтран Монгол Улсад нутагшуулах ажлыг хийж иржээ.

"Монгол Улсын IT-ийн салбарын боловсон хүчнүүд олон улсад ажиллах үүд хаалга нээгдэж байна"

БНСУ-ын МХХТДИ-ийн Ерөнхийлөгч Сан Хо Лий “IT-ийн салбарын боловсон хүчнийг дэлхийн түвшинд гаргахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын стандарт хэрэгтэй байсан учраас БНСУ-аас энэ шалгалтыг бий болгосон.

 

Энэ шалгалтаар дамжуулан Монгол, Солонгос хоёр улсын харилцаа улам батжина гэж найдаж байна.

Монгол Улсын IT-ийн салбарын боловсон хүчнүүд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн олон улсад үнэлэгдэх, ажиллах үүд хаалгыг нээж байгаа хэрэг юм.

Монгол Улсад 2016 оноос энэ шалгалт туршилтын журмаар зохион байгуулагдаж ирсэн. Харин өнөөдрөөс эхлэн албан ёсоор TOPCIT шалгалтыг тогтмол авч байхаар болж байна” хэмээн тайлбарлалаа.

Ц.Содномдамба: Байгууллагуудад өндөр чадвартай боловсон хүчин бэлтгэх нь дамжиггүй

МТҮП-ын захирал Ц.Содномдамба “Өнөөдрөөс эхлэн албан ёсны TOPCIT шалгалтыг авахаар болж байгаад баяртай байна. 

 

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TOPCIT шалгалтаар монгол хүн бүр олон улсад мэдлэг чадвараа үнэлүүлэх боломж нээлттэй болно.

Энэ хэрээр манайд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад өндөр чадвартай боловсон хүчин бэлтгэх нь дамжиггүй. Өнөөдрийн шалгалтад 90 гаруй хүн бүртгүүлсэн байна” гэв.

Олон улсын TOPCIT шалгалт нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэдгээрээ онцлог юм байна.

Тус шалгалтыг өнөөдрийн байдлаар Филиппин, Вьетнам, АНУ, Тайланд зэрэг улсад албан ёсоор авдаг бөгөөд шалгалтын хэлбэр нь зургаан түвшинтэй, компьютерт суурилсан, технологийн болон бизнесийн гэсэн хоёр бүлэг бүхий нийт 65 тестийн асуултуудаас бүрддэг ажээ.