Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн 99 улсыг хамарсан компьютерийн вирусны халдлага гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт дэлхийн 99 улсын 75,000 компьютерийг хамарсан өргөн хэмжээний кибер халдлага гарчээ. Вирус нь компьютерийн мэдээллийг түгжиж барьцаалаад мөнгө нэхэх зарчмаар ажилладаг.

Заасан хугацаанд биткоин дижитал валютаар төлбөрийг шилжүүлбэл мэдээлэл нь буцааж сэргээгдэх ба төлөхгүй бол устах аюултай юм. Өчигдөр Улаанбаатарын цагаар 14:00 цагт халдлага эхэлж, тэр дороо хүчтэй тархсан тухай Avast мэдээллийн аюулгүй байдлын компани мэдээлжээ.

Хэдхэн цагийн дотор дэлхий даяар 75,000 халдлага бүртгэгдсэнийг тус компани мөн мэдээлсэн байна. Оросын вирусны эсрэг програм хангамжийн Касперский Лаб компани бас энэ мэдээллийг баталжээ.

Ransomware буюу мэдээлэл барьцаалж мөнгө нэхдэг төрлийн энэ вирусыг WannaCry, бас WanaCrypt0r 2.0 гэж нэрлэж байна.

Хамгийн анхны халдлагад өртсөн улс орнуудад Британи, Испани багтаж байгаа юм. Британий үндэсний хэмжээний эмнэлгүүдийн мэдээллийг барьцаалсан бол Испаний Telefonica харилцаа холбооны компани халдлагад өртсөн байна. 

Британий ерөнхий сайд Тереза Мэй эмнэлгүүд нь өвчтөний мэдээллээ барьцаалуулсныг баталсан юм. Үүний улмаас эмчилгээ явуулж чадахгүйд хүрч, зарим өвчтөнөө бусад эмнэлгүүдэд шилжүүлж байгаа гэнэ. Мөн ОХУ-ын дотоод хэргийн яамны 1,000 орчим компьютер халдлагад өртсөнийг албаныхан мэдээлжээ.

Оросын харилцаа холбооны Мегафон компани бас халдлагад өртсөн байна. Уг вирус нь Windows системтэй машинуудад халдаж байгаа ба хэрэглэгчээс нь $300-тай тэнцэх мөнгө нэхдэг юм.

 

Өнгөрсөн хоёрдугаар сард гарч байсан вирусны шинэчилсэн хувилбар өчигдөр таржээ. Вирус нь компьютер дээрх файлуудыг “.WNCRY” өргөтгөлтэй болгон цоожилдог. Компьютерийн дэлгэцэнд (wallpaper) мөнгө нэхсэн мэдээлэл гаргаж, тоолуур ажиллуулж эхэлдэг байна. Зарим мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд уг вирусыг АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн (NSA) ашигладаг байсан системийн цоорхой дээр үндэслэж бий болсон гэжээ.

Өнгөрсөн оноос эхлэн хакерууд NSA-ийн тагнаж, чагнадаг арга хэрэгслүүдийг олон нийтэд ил болгож эхэлсэн юм.

Дээрх халдлагад өртөхгүй байх арга нь Windows системийнхээ шинэчлэлийг (update) байнга хийж байх явдал гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Эх сурвалж: Russia Today