Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр "УЛААНБААТАРЫН ХАВАР 2017" олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
"Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлсэн үгэндээ “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно.
Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” хэмээн онцолсон юм.
"Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо" нь 2005 оноос Найрал дууны их наадмыг "Хаврын баяр" нэртэйгээр есөн удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Анхдугаар их наадамд:
Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.