Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганбаяр: Бид түүхийн бас нэгэн шинэ хуудсыг нээлээ

Х.Монголхатан
2017 оны 5 сарын 9
Зууны мэдээ
 

Өнөөдөр Ялалтын баярын өдөр. Агуу Эх орны дайны 70 жилийн ойд зориулан бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг энэ сарын 5-ны өдөр албан ёсоор Москва хотод нээжээ. Хөшөө байрлуулах Хүндэтгэлийн дэнж нь оросуудын бүх нийтээр хүндлэн дээдэлдэг ариун дагшин газар юм байна.

Дэлхийн II дайны үеэр Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид 500 мянга гаруй агт морь бэлэглэсэн бөгөөд зөвхөн 1943 онд гэхэд фронтод хөлөглөж байсан таван морь тутмын нэг нь монгол морьд байсан гэдэг. Одоогоос хоёр жилийн өмнө “Ялалтад тэмүүлсэн морьд” хэмээх энэхүү хөшөөг Монголын ард түмнээс бэлэглэж байсан билээ. Энэ талаар хөшөөг бүтээсэн “Монгол глобал” компанийн Ерөнхий захирал Б.Ганбаяртай ярилцлаа.

-Таны санаачлан бүтээлгэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотноо хүндэтгэлийн дэнжид албан ёсоор байрлуулжээ. Нээлтийн сонин сайхнаар ярилцлагаа эхэлье?

-Ялалтын баяр бол хуучин цагт Орос улсад амьдарч байсан, Оростой ах дүүгийн харилцаатай Монголын ард түмний баяр юм. Одоо цагт энэ түүхийг хүмүүс их мартсан байна. Тиймээс би агуу ялалтын түүхийг хойч үеийнхэндээ сануулах, Орос Монголын ард түмний найрамдал ямагт эн тэргүүнд байх ёстойг ойлгуулах зорилго агуулсан.

Одоогоос хоёр жил гаруйн өмнө ийм хөшөө барих хүсэл зорилго бүрдээд өөрөө мөнгө төгрөг санхүүгээ гаргаад уран барималч А.Очирболдоор урлуулж, БНХАУ-д үйлдвэрлүүлээд, нааш нь тээвэрлэж авчраад, Ялалтын 70 жилийн ойд Монголын бүх ард түмний өгч буй бэлэг хэмээгдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн түүхтэй.

Монголын ард түмэн Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн хамгийн ойрын холбоотон байсан, мөн Агуу түүхт Ялалтын 70 жилийн ойгоор хамгийн том хүндэтгэл үзүүлсэн улс гэдгээр тодорсон юм.

-Хөшөөний хэмжээ нэлээд том харагдсан. Эдэлгээний хугацаа нь хэр урт вэ?

-Энэ хөшөө бол цогц уран бүтээл. Уран барималч хүний нөр их хөдөлмөр орсон, их хол замыг туулж ирсэн юм. “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө маань 11 метр урт, 3 метр өргөн, 2.70 метр өндөртэй, 8 тонн жинтэй, 1000 жилийн баталгаатай хүрэл цутгамал бүтээл. Тэгэхээр дэлхийн II дайнд оролцсон монгол адуугаа энэ хөшөөнд мянган жил мөнхөлж байгаа юм. Мөн энэ хөшөөг маань миний хүсэж байсан газар байрлуулсанд тун их баяртай байна.

Агуу түүхт Ялалтын 50 жилийн ойгоор Москва хотын захиргаа 140 га газарт Ялалтын түүх, дурсгалд зориулан хүндэтгэлийн хүрээлэн байгуулах шийдвэр гаргасан юм билээ. Энд Дэлхийн II дайнтай холбоотой бүх л зүйлсийг тавьсан байна лээ. Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн комиссоос манай хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж /Поклонная гора/ дэх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар шийдвэрлэсэн. Хөшөөний суурийн чулууг тавих ёслолыг арваннэгдүгээр сард зохион байгуулж, өнгөрсөн 5-нд гол хэсэгт нь монгол хоёр морины маань хөшөөг байрлуулсан нь бахархалтай.  

Энэ дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан, Орос Монголын Төмөр замын удирдах газрынхан, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон түүний баг хамт олонд маш том талархал дэвшүүлж, Ялалтын 72 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Бэлэн хөшөө авч очоод тавиад болчих ажил биш байх. Хөшөөг суурилуулж, тохижуулах ажлын зардлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Тохижилтын ажлын зардал болох 250 мянган ам.долларыг ОХУ-ын Засгийн газар өөрсдөө шийдэж хийсэн юм билээ. Сайхан тохижилт хийсэн газарт хөшөөгөө байрлууллаа. Хоёр морио эх орныхоо зүг харуулж тавьсан байна лээ. Хэдийгээр дайны үед цаашаа явсан ч энх цагт эх нутаг руугаа зорьж байгааг харуулсан гэдгийг элчингийнхэн тайлбарласан.

Нээлтийн арга хэмжээ маш сайхан зохион байгуулагдсан, олон том зочид ирсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил үг хэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай нар оролцсон. Дараа нь элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авалт зохион байгуулж, дэлхийн II дайнд оролцсон партизанууд, тэнд суугаа Монгол Улсын генералуудыг урьж сайхан дурсамж хөврүүлсэн арга хэмжээ болсон. Бид энэ үйл явдлыг түүхийн бас нэгэн шинэ хуудсыг нээлээ гэж харж байна.

-Дэлхийн II дайны үеэр монголчуудын сайхан сэтгэлийн тусламж тэр дундаа монгол морьдын талаар оросууд сайхан дурсамж домог ярьж байв уу?

-Үнэхээр дайны хүнд жилүүдэд Монголын ахан дүүс бидэнд халуун сэтгэлийн тусламжаа харамгүй үзүүлж байсан. Мөн 500 мянган агт морь Ялалтын үйл хэрэгт том үүрэг гүйцэтгэсэн талаар олон дурсамж түүх ярьж байна лээ. Тухайлбал, монгол морьд өөрсдөө өвс тэжээлээ олоод иддэг, унаж явсан шархадсан эзнээ орхидоггүй гээд олон давуу чанарыг биширч байдаг. Тэр дундаа олон том техникийн дунд, танкан дунд монгол морьд давхиж явсан байна. Дайны дараа олзлогдсон герман цэрэг “Би дайны фронт дээр танкны өөдөөс давхиж яваа жижиг морийг буудаж чадаагүй. Би танк унаад довтолж явахдаа морьтой хүнийг яаж буудаж унагах билээ гэж бодсон” гэж ярьсан гэх мэтээр олон сайхан түүх дурсамж ярьж байсан.

Хөшөөн дээр “Дэлхийн II дайнд бидний хамгийн ойрын хамтрагч Монголын ард түмнээс хагас сая агт адуу өгч байсан. Архитектур А.Очирболд. Монголын ард түмнээс Ялалтын 70 жилийн ойд зориулсан бэлэг” гэж бичсэн байна лээ.

-Таныг ийм хөшөө хийлгэх санаа гарган, ажил хэрэг болгож байхад хүмүүс, компаниуд хэрхэн дэмжиж байв?

-Монголын ард түмний өмнөөс ийм бэлгийг орос ах нарт өгсөн гэдэгт хүн бүр баярладаг. Гэхдээ яг хөшөөний санхүүжилтэд оролцох хүсэлтийг Орос, Монголын хамтарсан олон компанид гаргасан ч дэмжээгүй. Харин Орос, Монголын төмөр замын удирдах газар л 35 сая төгрөг хандивласан. Хөшөө 375 сая төгрөгийн өртгөөр боссон. 

Монголчууд маань одоо түүхийг мэдсэн байх, хөшөөг харсан байх. Москва хот ороод очих газартай боллоо. Дэлхийн II дайнд оролцсон монгол морьдынхоо хөшөөг очиж үзэхээр Москва явах шалтгаан нэмэгдэж байгаа юм. Би монгол адуугаа л хөшөөнд мөнхөлж үлдээх хүсэлтэй байсан. Дайны фронтод монгол адуу их бууг 6-8-аараа чирдэг байсан юм билээ. Гэхдээ хөшөөнд олон морь хийх нь хэмжээний хувьд хэт нүсэр болох учир хоёр мориор төлөөлүүлсэн юм. Морьд маань тэнгэр рүү дүүлсэн маягтайгаар чулуун хүндэтгэлийн тавцан дээр байрласан байна лээ.

-Та ийм сайхан хөшөөг гарт баригдаж нүдэнд харагдахаар урлуулаад, хүлээлгэн өгчээ. Энэ том ажлын ард гарсандаа урамшаад дараагийн төлөвлөсөн ажил юу байна?

-Жил бүр л Ялалтын баяр болно шүү дээ, тиймээс энэ маягаар сонирхолтой оролцох хүсэл байна. Дараагийн хөшөөг Монгол Улсдаа хийх бодол өвөртөллөө. Гэхдээ цаг хугацааны хувьд Ялалтын 80 жилийн ойгоор тааруулах болов уу даа. 500 мянган агт адуу маань сүнс нь байдаг бол тэнгэрээс хараад баярлах байх даа гэж боддог юм. Түүх харж байхад тухайн үед Монголд хоёр сая орчим адуу байсан шиг байгаа юм. Түүнээс 500 мянга нь явна гэдэг бас их тоо шүү дээ. Гэхдээ 80 мянган адууг нь Монголын ард түмэн бэлэглэж байсан, 420 мянган адууг Зөвлөлийн ард түмэн нэг бүрийг 20-50 төгрөгөөр худалдаж авсан гэдэг юм билээ.

-Монголчууд бид моринд хайртай, морио дээдэлдэг ард түмэн. Таны хувьд мориноос үүдэн энэ хөшөөг босгох шийдвэр гаргав уу, эсвэл Дэлхийн II дайны түүхтэй холбоотой байв уу?

-Би гэр бүлээрээ Москва хотод 16 жил амьдарсан хүн учраас Оросын ард түмэнд хайртай. Ялалтын 50 жилийн ойг өөрийн биеэр үзээд огшиж, биширч байсан. Түүнээс ч улбаатай.

Мөн би хэдий хотын хүүхэд ч аав минь Завхан аймгийн Сонгино сумын уугуул Баасанжав гэдэг хүн байсан. Бурхан болоод 12 жил болж байна. Аав минь бага насандаа сум хооронд улаач хийж, бичиг баримт мэдээ хүргэдэг байж. Аав намайг адуу малтай болооч гэдэг байсан ч би нэг их тоодоггүй байлаа. Харин аавыгаа өнгөрсний дараа надад үлдээсэн захиа даалгавар гэж бодоод морь мал сонирхож, өөрийн гэсэн адуу малтай, уяачтай болж, жил бүр Хүй долоон худагт Цэнгэлийн манлай гал гарч, 4,000-5,000 зочдоо наадмын хуушуур айргаар дайлдаг юм.

Би унаач хүүхдэд жилд 45 сая төгрөгийг өгдөг юм. Эхний жил нь алтан гулдмай өгсөн бол дараа жилээс нь хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээн сая төгрөгийг нь хийгээд 18 нас хүрээд захиран зарцуулах гэрээ хийж өгсөн. Ингэснээс хойш унаач хүүхдүүдийг уяачид анхаардаг болсон. Мөн баяр наадмаар уралдаж буй морьдоо удам судраар нь цоллодог хэр нь унаач хүүхдүүдийн овог нэрийг дуудаж болдоггүй юм гэсэн саналыг тавьсаар хоёр жилийн өмнөх наадмаас эхлээд унаач хүүхдүүдийн овог, нэр, настай нь дууддаг болсон. Энэ бол миний хүүхдүүдэд санаа тавих, тэдний төлөө бага ч болов юм хийх гэсэн сэтгэлийн илрэл юм.

Зураг