Ойрх Дорнод, Африкаас Европыг зорьсон дүрвэгсдийн урсгал голдуу Газар дундын тэнгисийг завиар гатлах замаар явагддаг. Тэгвэл Европын Холбооныхон энэхүү хууль бус урсгалд Хятадад үйлдвэрлэсэн хямд, хэврэг завьнууд гол үүрэг гүйцэтгэж байна гэж үзэн Бээжингийн эрх баригчдаас хязгаарлаж өгөхийг хүсчээ.
Европын Холбооны дүрвэгсэд, дотоод хэрэг, иргэншил хариуцсан комиссар Димитрис Аврамопоулос өчигдөр Хятадын дотоодыг хамгаалахын сайд Гуо Шенкунтай Бээжинд уулзсаны дараа энэ талаар мэдээлсэн байна.
Тэр “дүрвэгсдийг хил давуулдаг этгээдүүдийн ашигладаг резинэн завийг Хятадын хаа нэгтээ үйлдвэрлэж байна” гэсэн юм.
2015 онд Ойрх Дорнод, Хойд Африкаас доод тал нь нэг сая хүн Газар дундын тэнгисийг гатлан Европт нэвтэрсэн гэгддэг. Харин өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар энэ тоо 327,000 болж буурсан байна. Ингэхдээ тэд хямд, хэврэг завь ашигладаг тул осол эндэл гарах нь түгээмэл байгаа юм.
Зөвхөн өнгөрсөн онд 3,800 орчим осол бүртгэгджээ.
Хямд завийг Алибаба онлайн худалдааны сайтаар хамгийн багадаа $10-аар зардаг 2,500 орчим компани байдаг гэнэ. Тиймээс Димитрис Аврамопоулос Хятадын эрх баригчдаас ийм бизнесүүдийг зохицуулж, хамтран ажиллахыг хүссэн байна. Одоогоор Европын Холбоо руу ирсэн дүрвэгсэд Германд голдуу үлдэж байгаа бол дараагийн гол зорьдог орон нь Швед болоод байгаа.
Туркээс Грекээр дамжин ирэх урсгалыг Европчууд хязгаарлаж чадаж байгаа ч Хойд Африкаас завиар ирэгсдийг хянаж чадахгүй байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!