Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Пин кодыг гар утасны хазайлтыг ашиглан хулгайлж болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Их Британий Ньюкэстл Их сургуулийн судлаачид саяхан гар утасны пин кодыг хулгайлах шинэ арга хэрэглэж болохыг илрүүлжээ.

Ингэхдээ хүмүүс гар утсанд нэвтрэх гэж пин код оруулах үеэр товч дарах бүрт утас нь хэрхэн хазайж байгааг бүртгэн тооцоолоод нууц кодыг илрүүлэх юм. Хазайлтын чиглэлийг гар утсан дахь мэдрэгчүүдээс олж авах юм байна.

Судлаачид өөрсдийн бүтээсэн програмаар ингэж туршихад эхний оролдлогоор 70 хувийн нарийвчлалтай кодыг илрүүлсэн бол таван удаа оролдсоны дараа 100 хувь болж сайжирчээ.

Энэ асуудлыг шийдэх маш хэцүү гэж судлаачид дүгнэсэн байна. Судалгааг ахалсан доктор Мэрьям Мехрнежад “Ихэнх ухаалаг гар утас, таблетууд олон төрлийн мэдрэгчүүдтэй байдаг. Хамгийн сайн мэдэх нь GPS, камер, микрофон бол цаашлаад гироскоп (зүг чиг мэдрэгч), эргэлт мэдрэгч, акселерометр (хурдатгал мэдрэгч) зэрэг бий. Гэвч мобайл апп болон вэбсайтууд тэдний ихэнх рүү хандахад ямар ч зөвшөөрөл шаарддаггүй. Ингэснээр хортой програмууд эдгээр мэдрэгчүүдийг чагнаж асар олон мэдээллийг авч чадна. Үүний дотор пин код, нууц үг ч багтаж байна” хэмээн ярьжээ.

Утас бүрт байгаа эдгээр мэдрэгчүүд нь нэгдсэн загвар, удирдах хэрэгсэлгүй тул зохицуулахад тун хүнд байна гэж International Journal of Information Security сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Independent