Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт Бакалаврын хөтөлбөр зарлагдлаа

ikon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилд нийт 89 иргэнийг бакалаврын сургалтад суралцуулна.

Мэргэжлийн  чиглэл

  • Байгаль орчин ногоон хөгжил,
  • Хөдөө аж ахуй,
  • Анагаах ухаан,
  • Эрүүл мэнд,
  • Уул уурхай,
  • Эрчим хүч,
  • Дэд бүтэц,
  • Зам тээвэр,
  • Барилга хот байгуулалт,
  • Боловсрол,
  • Урлаг,
  • Төрийн удирдлага,
  • Бизнесийн удирдлага,
  • Эдийн засаг,
  • Хууль,
  • Хятад хэл судлал.

Тавигдах шаардлага 

Дор дурдсан шаардлагуудын аль нэгийг хангасан хятад, англи хэлний мэдлэгтэй,18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:

  1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  2. БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон суралцаж төгссөн. Эдгээр оюутнууд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан дүнгийн хуулбар,хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш үнэлгээ авсан гэрчилгээтэй байх;
  3. БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
  4. Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдснаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.csc.edu.cn/studyinchina, www.campuschina.org) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө хамрагдсан бол уг тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Бүрдүүлэх баримт бичиг

-  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II ангид суралцаж байгаа бол:

  1. Бүрэн зөв бөглөсөн анкет (татаж авах);
  2. www.csc.edu.cn/studyinchina холбоосоор орж Бүрэн зөв бөгөлсөн цахим анкет
  3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Суралцаж буй сургуулийн сургалтын албанаас сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолтын албажуулж ирүүлэх;
  6. Англи болон Хятад хэлний чадварыг илтгэх сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар, шалгалт өгсөн бол баримтын хуулбар;

- БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа эсвэл төгссөн бол:

  1. Бүрэн зөв бөглөсөн анкет (татаж авах)
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. a/ Суралцаж байгаа бол: БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт, түүний Монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт
  5. б/ Суралцаж төгссөн бол: Хятад хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээ, дүнгийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эдгээрийн Монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт;
  6. в/ хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш үнэлгээ авсан гэрчилгээтэй байх

- БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа бол:

  1. Бүрэн зөв бөглөсөн анкет (татаж авах);
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн албажсан тодорхойлолт;

Бүртгэл 

Бүртгэл 2017 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдийн 10:00-18:00 цагийн хооронд, 13-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байрны 421 тоот өрөөнд явагдана.

Бүртгүүлэхдээ дээр дурдсан  баримт бичиг тус бүрийг 2 хувь бүрдүүлнэ. (Нэг хувь нь хуулбар байна)

Монголд байгаа иргэн өөрийн биеэр, БНХАУ-д сурч байгаа иргэнийг эцэг, эх, асран хамгаалагч иргэн төлөөлөн бүртгүүлж болно.

Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг.

Баримт бичгийн бүрдэл дутуу,шаардлага хангаагүй бүртгэлийн цагаас хоцорсон иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна.

Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик, англи хэл, хятад хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Энэхүү шалгалт нь математик 30%, англи хэл 30%, хятад хэл 40% гэсэн агуулгатай байна.

Шалгалтыг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дугаар байрны ТВ заал, 401а танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт  эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. 

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт зарлана.

Ярилцлагыг 2017 оны 3 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчирэх шаардлагатай.

Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт зарлана.

Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.

Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулж, БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ.

Бакалаврын  шалгаруулалтад тэнцсэн иргэн

2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нэр дэвшүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт, материал, мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна. (Цагийг сонгон шалгаруулалтын дүнтэй хамт ЭСЯ-наас мэдээлнэ)

Бүрдүүлсэн баримт бичгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд баримт бичиг хүлээн авсан цагтаа шалгуулж, хураалгана.

Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана.

Хятад хэлний сургалтад суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-266448, 321974 утсаар лавлана уу.


БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ