Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Заан-Арслан зааны эрлийзийг хоёр жилийн дотор төрүүлэхээ зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд тун удахгүй заан, арслан зааны эрлийз үр хөврөлийг бий болгож чадахаар болжээ.

Энэ нь бүрэн сөнөж устсан амьтдыг дахин бий болгох чиглэлд томоохон алхам болж байна. Зөвхөн ДНХ-г нь ашиглан эрт цагт устсан амьтдыг дахин төрүүлэх боломжтой гэнэ.

Ингэснээр эрдэмтэд арслан зааны гол шинж чанарууд болох урт үс ноос, зузаан өөхлөг бие, хүйтэнц зохицсон цус бүхий үр хөврөл бий болгох юм. Хоёр жилийн дараа гэхэд заантай эрлийзжүүлсэн арслан зааны үр төл лабораторид бий болох гэнэ.

Үүнийгээ тэд хиймэл умайд өсгөх юм. Өмнө нь эрдэмтэд гаргаж авсан үр хөврөлөө эм зааны саванд өсгөх санаатай байсан ч ингэх нь хүмүүнлэг биш гэсэн шүүмжлэлтэй тулгарсан байна. Учир нь тээгч заан нь төрөхдөө үхэж болзошгүй байгаа юм.

2015 онд эхэлсэн судалгааны туршид эрдэмтэд зааны генид бага багаар өөрчлөлт хийсээр удахгүй заан, арслан зааны эрлийз амьтан бүтээхэд ойртсон нь энэ ажээ.

Судалгааг удирдаж байгаа Харвардын Их сургуулийн профессор Жорж Чурч “Бидний зорилго бол заан, арслан зааны эрлийз үр хөврөл гаргаж авах. Үнэндээ энэ нь арслан зааны зарим шинжийг агуулсан заан байх юм” гэжээ.

Тэр цааш нь “бид хараахан үр дүнд хүрээгүй байгаа ч хоёр жилийн дараа чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

Арслан заан нь сүүлийн мөстөлтийн үед Европ, Ази, Африк, Хойд Америкт амьдарч байсан. Гэвч 4,500 орчим жилийн өмнө гол нь цаг уурын өөрчлөлтөөс, мөн ан агнуурын учир шалтгаанаар устаж үгүй болсон юм.

Тэгвэл эрдэмтэд Сибирийн мөсөнд олон мянган жил хадгалагдсан арслан зааны үлдэгдлийг ашиглан, орчин үеийн генийн инженерчлэлийн аргаар үүнийг дахин бий болгохоор ажиллаж байна.

 

Эх сурвалж: Independent