2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
10:00
S26
14°
11:00
S26
16°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S30
21°
15:00
S30
22°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг вэ?

Б.Энхзаяа
2017 оны 2 сарын 3
Зууны мэдээ

Асрамжийн газрынхан нийгмийн эмзэг нэгэн бүлэг. Хэн дуртай нь халдаж болдоггүй хүүхдүүдийн ертөнц байдаг. Аав, ээжээсээ өнчирч хоцорсон, эсвэл амьд сэрүүн байлаа ч эцэг эх нь асран хамгаалах чадваргүй, хорих ангид ял эдэлдэг, хөдөлмөрийн бэрхшээлтэй, бүр хорвоод хүн болж мэндлээд “гологдсон” хүүхдүүд асрамжийн төвд хүмүүждэг.

Одоогоор улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй асрамжийн төв үйл ажиллагаагаа явуулж байна. Асрамжийн төвийн хүүхдүүдэд тулгамдсан асуудал олон бий.

Саяхан л гэхэд “Өнөр бүр” асрамжийн төвийнхний байр хуучирч муудан хүүхдүүд нь сурч хүмүүжих битгий хэл амьдрахад ч хэцүү болж улсаас тусламж гуйж байв. Сайн санаатай иргэн, байгууллагууд тэмдэглэлт баяр, ёслолын үеэр, эсвэл энгийн үед ч санаачлага гарган тусламжийн гараа сунгадаг.

Тэдгээр хүүхдүүдэд төрийн болон ард түмний тусламжийг асрамжийн төвийн арагхан байшинд амьдрах үедээ л хүртэх эрхтэй. Харин 18 нас хүрэхэд нь амьдралын ямар ч дадлага, туршлагагүй, асарч хамгаалах хүнгүй хэцүүхэн хувь тавилан тэднийг хүлээдэг. 

“ХАЛАГДАХ” ХУГАЦАА БА ХАТУУ АМЬДРАЛ

Хүүхдүүд 18 нас хүрээд асрамжийн төвөөсөө гарах ёстой. Боловсролтой, боловсролгүй, танилтай танилгүй, тосоод авах хүнгүй байсан ч хамаагүй, тэд гарах л ёстой. Асрамжийн төвүүдэд өнөөдөр үйлчилж буй “хууль” нь энэ. Уг нь төгссөн хүүхдийг тухайн дүүргийн Засаг дарга хариуцаж гэр орон, ажлын байртай болгоно гэсэн журам байдаг ч хэрэгжих нь бараг үгүй.

Лоозон төдий журам, дээрээс нь төрийн халаа сэлгээ сүүлийн жилүүдэд ихэссэнээс хэдхэн сарын “настай” дарга нар асрамжийн төвийн хүүхдүүдэд анхаарах сөхөө ч байдаггүй аж. Социализмын үед төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг төр хариуцлагатай гүйцэтгэж, ямартаа ч гудамжид гарч ажилгүй болсон хүмүүс байдаггүй байсныг төгсөгчид ярьж байна. Одоо бол асрамжийн төвүүд зарим их, дээд сургуульд элссэн хүүхдүүдийг сургуульд нь даалгаж орхидог ч энэ тохиолдол маш цөөн. Нэг үгээр төвөөс гарсны дараа хүүхдүүд хэрхэх нь хэнд ч падлийгүй болоод байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй асрамжийн газарт 1,000 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Тэгвэл жил бүрийн “төгсөгчид” хэрхсэн бол. Тэд амьдралд хөлөө олоод хүн шиг явж чадаа болов уу. Харамсалтай нь “Тэд чадсан” гэж хэлэх хүн өнөөдөр нэг ч алга. Бусдын хайр халамжид, хоол унд, хувцас хунар бүх зүйл бэлэн өссөн амьдрал үзээгүй хүүхдүүд нэг л нийгэмд гарахад онохоос алдах нь илүү гэж мэргэжлийн хүмүүс халаглан ярьж байна.

Ажил мэргэжилтэй болохоос эхлээд амьдрах гэр орон, газар гээд тэдэнд дутагдах зүйл маш олон. Мэдээж нийгмийг манлайлан мэргэжил боловсрол эзэмшин сайхан амьдарч байгаа нь ч бий. Гэхдээ төвөөс гараад гудамжинд гарсан, орон шоронд орсон, бүр амь насаа алдсан тохиолдол ч асрамжийн төвийн төгсөгчдийн дунд байна.

М.Өлзийчимэг: ХҮҮХДҮҮД ГУДАМЖИНД ГАРАХ БОЛЧИХООД БАЙНА     

Асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүрээд ажил, амьдралд хүрэхэд хүндрэл учирч байгаа талаар Өнөр бүл төвийн захирал М.Өлзийчимэг “Хамгийн санаа зовоож байгаа асуудал нь төгсөөд гарч байгаа хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудал. Олон жил гэр орондоо байгаагүй, эцэг эх нь байгаа ч гэсэн тэд хүүхдээ хүлээж авах нь ховор. Тэгэхээр хүүхдүүд биеэ даагаад амьдрахаас аргагүй байдалд хүрдэг.

Дээд сургуульд элссэн хүүхдүүдийг дотуур байранд хэлж оруулахаас аргагүй. Гэхдээ л энэ бас амар ажил биш. Зун сургууль амрахад дотуур байр амрахад бас л хүүхдүүд хэцүү болдог. Харин бололцоогүй хүүхдүүд гудамжид гарах болчихоод байна. Одоо ямар нэгэн зохицуулалт алга.

Гарц нь захирамж гарсан харьяалах хороо, дүүргийн удирдлагуудад хүлээлгэж өгдөг болмоор байна. Хороо хороонд нь хүргэж өгөөд орон гэртэй, ажлын байртай болгох асуудлыг шийдмээр байна” гэж байв.

М.Өлзийчимэг захиралд тулгамдаж байгаа асуудал бусад 30 орчим асрамжийн төвийнхөнд яг л ижил. Олон жил төрөөс ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн энэ асуудал одоо ч хариуцах эзэн алга. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор гэж 2014 онд байгуулагдаж байв. Тус байгууллага 18-21 настай залуучуудыг хүлээж авдаг. Одоогоор тэнд 40 гаруй хүүхэд л амьдарч байна. Төгсөгч бүр энэ байгууллагад хамрагдах бас л боломжгүй.

ТӨГСӨГЧДИЙН 30 ХУВЬ НЬ АЖИЛГҮЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Төрийн өмчит томоохон Төв “Өнөр бүл”-д. Одоогоор 150 гаруй хүүхэд өсч хүмүүжиж байна. Тус төв 1974 онд анх байгуулагдан хараа хяналтгүй хүүхдүүдийг авч эхэлснээс хойш 40 гаруй жилийг үдэж байна. Жил бүрийн төгсөгчид эдүгээ олон зуугаар хэмжигдэнэ. Тус төвийнхөн саяхнаас судалгаа гарган төгсөгчдийн бүртгэлийг хийж эхэлжээ.

1984-2016 оны судалгаагаар тус төвөөс 560 гаруй залуус төгсч гарсан байна. Тэдгээрээс 280 гаруй хүний мэдээллийг цуглуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, төгсөгчдийнхөө хаана, хэрхэн амьдарч буй мэдээллийн санг бий болгожээ. Мэдээлэл нь олдсон 280 гаруй хүмүүсийн ажил, амьдралын байдал 70 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар ажил эрхэлж байгаа гэж мэдүүлжээ.

Тэдгээрээс хувиараа буюу такси, барилга, мужаан, оёдолчин хийж байгаа бол төрийн болон хувийн байгууллагад ажиллаж байна. Бас тодорхой хэсэг хүмүүс гадаадад ажиллаж байгаа бол малчин болсон хүмүүс ч байдаг аж. Харин үлдсэн 30 хувь нь ажилгүй гэж судлагджээ. Эдгээр мэдээлэл нь олдсон төгсөгчдийн нөхцөл байдал юм.

Олдохгүй байгаа 200 гаруй төгсөгчийн хувь тавилан яаж эргэсэн нь тодорхойгүй байна. “Ямартаа ч сайнаар байгаа гэхэд эргэлзээтэй, мэдээлэл олдохгүй байгаа нь сайны дохио биш” гэх хүмүүс ч байв.

ХҮНИЙ ДОР ОРОХГҮЙ ЮМ ШҮҮ...

18 нас хүрэнгүүт асрамжийн газраас нь шууд “хөөж” тогтолцооны золиос болсон тохиолдол ч байна. Нэг асрамжийн төвөөс гэхэд хамгийн сүүлийн судалгаагаар 2-3 шоронд орсон, таван төгсөгч гудамжид гарсан харамсалтай мэдээлэл байна. Нас биед хүрсэн сэтгэцийн өвчтэй хүүхдийг авах, харьяалах газар ч олддоггүй юм байна.

СЭМҮТ, халамж үйлчилгээ, Батсүмбэр зэрэг эмнэлэг, халамжийн байгууллагууд цааргалснаас сэтгэцийн өвчтэй хүүхэд гудамжид гарсан тохиолдлыг эх сурвалж хэлж байна. Ажил мэргэжилгүй, орон гэргүй зарим төгсөгч амь насаа алдсан ч тохиолдол байдаг аж.

Хэдий ийм ч асрамжийн төвд байгаа хүүхэд бүр өөр өөрийн зорилготой. Тэд бүгд “Хүний дор орохгүй амьдарна шүү” гэсэн хүсэлтэй байдгийг төгсөгчид хэлж байсан. Гэвч өнөөгийн нийгэм тэдний хүссэнээр байдаггүй нь харамсалтай.

x