Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-тэй Хятадын бүлэг, өдрийн жуулчдыг Монголд нэвтрүүлж байжээ

БОНХАЖЯ
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хөрш зэргэлдээ орныхоо жуулчдыг татахын тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барьж ажилладаг. Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих болсон.

Урд хөрш БНХАУ-ын хувьд л гэхэд  хөрш орнууддаа аялах эрх бүхий “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлжээ.  Уг үнэмлэх нь нэг удаагийн зориулалттай. Тус үнэмлэхээр Хятадын  жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчих боломжтой байдаг.

Манай улсын хувьд ч  хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор түр хугацаагаар “хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх” бүхий Хятадын бүлэг, өдрийн жуулчдыг хилээр нэвтрүүлж байсан туршлага байдаг. Тухайлбал, 2015-2016 онд ийм арга хэмжээ авч байсан байна. Мөн одоогийн байдлаар Засгийн газар хоорондын болон салбарын яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр, визийг шуурхай олгож байх, Монгол Улсын газар нутгаар агаарын нислэгээр дамжин өнгөрөх гадаадын иргэн дараагийн улсад зорчих виз, тасалбартай бол 72 цагийн хугацаанд визгүй дамжин өнгөрөх нөхцөлийг бий болгон ажиллаж байгаа аж.

Одоогийн байдлаар Монгол Улсад мөрдөгдөж буй Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.3-т 5-10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 25 хувиар хөнгөлөх, 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 50 хувиар хөнгөлөх гэж тус тус заасан бөгөөд энэхүү хөнгөлөлт нь гадаадын бүлэг жуулчдад үйлчилдэг байна.

2016 оны байдлаар Монгол Улсад 404,156 гадаадын жуулчид аялсан нь өмнөх оны мөн үеэс жуулчдын тоо 4.4 хувиар өссөн  юм байна.  Нийт жуулчдын 90 гаруй хувийг БНХАУ /нийт 131,312 жуулчин иржээ/,  ОХУ /84,065/, БНСУ/57,587/, Япон /19,985/, АНУ /15,859/, ХБНГУ /9,709/, ИБУИНВУ /6,161/, Франц /9,035/,БНКазУ-/13,370/, Австрали /6,161/ зэрэг 10 орны жуулчид бүрдүүлжээ.

 

Эх сурвалж: БОАЖЯ