Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Вүдон Ван нар “Цахим парламент” төслийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, Төслийг гүйцэтгэгч “Катенэт” компанийн төслийн менежер болон бусад албаны хүмүүс байлцав.
Энэхүү төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын санал хураалтын систем болон дүрс бичлэгийн камеруудыг сольж, Байнгын хороодын хуралдааны танхимд санал хураалтын систем болон камерууд байрлуулах юм. Мөн парламентын сэтгүүлчдийн өрөөг бүрэн тоноглож дуу, дүрс бичлэг хийх боломжтой болгох юм гэдгээ төсөл хэрэгжүүлэгч тал онцоллоо.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар удаан хугацаанд хэрэгжээгүй байсан ажлууд өнөөдрөөс хэрэгжихээр болж буйд баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт найдаж байгаагаа хэллээ.
Суурин төлөөлөгчийн орлогч Вүдон Ван БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчлахдаа энэ чиглэлээр хамтран ажиллахаар санал тавьсныг дуулгаад төслийг сайн хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Уг төслийг ирэх оны 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!