Хүйтний улиралд орон байрны хулгай болон автомашины, ялангуяа приус маркын автомашины зай хураагуур бусад эд анги алдагдах гэмт хэргийн гаралт нэмэгддэг.
Цагдаагийн байгууллагаас приус маркын автомашины зай хураагуур хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион явуулж, шинэ он гарсаар тухайн гэмт хэргийг бүлэг зохион байгуулалттайгаар үйлддэг С, Э, Т, Б, Б, Т нарыг олж тогтоон шалгахад нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 21 удаагийн үйлдлээр приус маркын автомашины иж бүрэн зай, их гэрэл зэргийг хулгайлан, зарж борлуулсныг тогтоогоод байна. Уг этгээдүүд нь захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч хэлбэрээр гэмт хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлддэг, тодорхой хэсэг нь приус автомашины засварын газар ажилладаг байжээ.
Иргэд та бүхнийг өөрсдийн өмч хөрөнгийг хамгаалж, аливаа гэмт хэрэгт өртөхгүй байхад анхаарч, харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!