Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Танай хүүхдэд ЯМАР БЭЛЭГ ТОХИРОХ ВЭ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ он айсуй энэ өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн багачууд баяртаа бэлдэхийн зэрэгцээ хамгийн ихээр хүсэн хүлээж буй зүйл нь бэлэг авах мөч.

Харин та хүүхэддээ юу бэлэглэхээ шийдсэн үү? Дэлгүүрийн лангуугаар дүүрэн өрөөтэй байгаа чихэр жимс, амттан дүүргэн савласан бэлгийг өгөх гэж байгаа юм биш биз.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр угтсан шалгалтуудыг хийж эхэлсэн бөгөөд хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн боох зөрчил их илэрч байгааг анхааруулсаар байна. Тиймээс Та хүнсний дэлгүүрээр ороход лангуу дүүрэн өрөөтэй байгаа бэлгүүдээс сонголтоо хийхээсээ өмнө чанар, аюулгүй байдлыг нь шалгаж үзэх, хүүхдэд тань үнэхээр хэрэгтэй эсэхийг бодож үзээрэй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэгвэл юу бэлэглэвэл тохиромжтой вэ?

Долоо хүртэлх насны хүүхдийн хувьд тоглох нь үндсэн процесс байдаг. Тиймээс энэ насны хүүхдэд тоглоом бэлэглэх нь тохиромжтой ажээ.
Тоглох гэдэг нь зүгээр хөгжилтэй байгаа, цаг нөхцөөх зүйл биш. Хүүхэд тоглоомоор дамжуулж харилцааны ур чадварууд, танин мэдэхүйгээ хөгжүүлж, нийгмийн зан үйлтэй танилцдаг байна.

Хүүхдийг нас, онцлогт нь тохирсон тоглоомоор тоглуулна гэдэг тухайн хүүхдийг хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй. Тиймээс хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан ямар тоглоом сонгож тоглуулах талаар ССҮТ-ийн сэтгэл судлаач Б.Ганзулын зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдийнхээ насанд таарсан тоглоомыг хэрхэн сонгох вэ?
 

Хүүхэд бүр өөр орчин нөхцөлд амьдардаг, өөр өөрийн сонирхолтой. Тиймээс насаар нь ангилан ямар тоглоомоор тогловол тохиромжтойг хүргэе.

  • Нэг хүртэлх насны хүүхдийн тоглоом барихад эвтэйхэн, материал нь эрүүл, өнгө нь хүүхдэд төвөгтэй биш, олон өнгийн байвал хүүхдийн сонирхлыг илүү татдаг.
  • 1-3 насны хүүхдийн хувьд орчин тойрон аав, ээж хамгийн гол нь өөртэйгөө танилцаж байдаг. Тиймээс ганцаараа тоглох, өөрийгөө танин мэдэх боломжийг олгох хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд энэ үед нь хэтэрхий их анхаарал тавьж, хөдөлгөөн бүрийг нь хянаж хориод байдаг. Ингэснээр өөрийгөө бие даасан тусдаа хүн гэдгээ ойлгох гэж хичээж байсан хүүхдийн биеэ даах суурь чадвар сул хөгждөг. Тэгэхээр энэ үед аль болох аюулгүй орчныг бүрдүүлээд хүүхдээ тааваар нь орхих хэрэгтэй. Нөгөө талаараа бас орчин нөхцөл, аав ээжтэйгээ танилцаж байгаа үе учраас гэр бүлээрээ тоглох үедээ ДУУРАЙМАЛ ТОГЛООМуудыг сонгож тоглоорой. Жишээлбэл, эмчийн багаж, гал тогооны хэрэгслүүд гэх мэт.
  • 4-6 нас нь хүүхдийн танин мэдэхүйн хувьд чухал үе. Энэ үед хүүхэд эд зүйлсийг ангилж, ялгаж сурахаас гадна өөрийгөө танин мэдэж эхэлдэг. Өөрийгөө юунд дуртай, ямар зүйлд илүү авьяастай байгаагаа мэдэрч эхэлнэ. Тэгэхээр ЗАДЛАХ, ХОЛБОХ, ЭВЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ТОГЛООМуудаар тоглуулвал тохиромжтой.
    Ингээд хүүхдээ ажиглах хэрэгтэй.  Хүүхэд тань зурах сонирхолтой байна уу эсвэл дуулах дуртай, хөгжмийн сонсгол сайтай байна уу гэдгийг нь ажиглаад тухайн ЧАДВАР, СОНИРХЛЫГ НЬ ХӨГЖҮҮЛЭХ ТОГЛООМ авч өгөөрэй.
  • Зургаан наснаас эхлээд тоглох үйлдэл багасдаг. Сургуульд ороод хичээл хийх шаардлагатай болж байгаа учраас байнга тоглох боломжгүй. Энэ үед хүүхэд хөгжлийн процессын хувьд бага зэрэг хямралд ордог гэж үздэг. Хүүхэд сургууль буюу цоо шинэ хүрээлэлд орж, олон шинэ дүрэм журмыг мөрдөх хэрэгтэй болдог. Ингээд нийгмийн дүрүүдийг ойлгож, хэнтэй яаж харилцахаа мэддэг болж эхэлнэ. Мөн аав ээж нар ч хүүхэдтэйгээ өөрөөр харьцаж эхэлдэг.
    Ер нь манай эцэг эхчүүд хүүхдээ таван нас хүртэл нь эрхлүүлж, дураар  нь байлгачихаад сургуульд ормогц нь л “Чи том болсон” гэсэн хандлагаар харьцаж эхэлдэг. Энэ хүүхдэд их хүндээр тусдаг. Тийм учраас  хүүхэддээ том болсон гэж шахалт үзүүлэхийн оронд бага багаар дүрэм журмыг танилцуулах хэрэгтэй. Чи хичээлээ хийх ёстой. Даалгаварынхаа тодорхой хэсгийг хийсний дараа тоглоод, дараа нь үргэлжлүүлэн хийнэ гэх мэт. Мөн түрүүн хэлсэн нийгмийн олон дүрийг ойлгож эхэлж байгаа учраас аль нэг ДҮРД ОРЖ ТОГЛОХ хэрэгтэй. Дүрийг нь солиод эхлэхээр хүүхэд  сонирхолтой болж, хичээл хийхэд амар болно.
    Энэ насны хүүхдүүдэд АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ГАРЦЫГ ХАЙДАГ БОЛОН ДҮРТ ТОГЛООМ тоглох нь тохиромжтой. Тоглож байхдаа асуудал шийднэ гэдэг маань амьдрал дээр ч тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд нь туслах дадлуудыг бий болгож байдаг.
  • Долоогоос дээш насны хүүхдийн хувьд өөрийн сонирхлоо тодорхойлчихсон байдаг. Тэгэхээр өөрөөр нь сонгуулаад, өөрсдөө чиглэл өгөөд аюулгүй тоглоом сонгож өгөх нь зүйтэй. Мэдээж хэрэг хүүхэд хүссэн тоглоомоо авбал хамгийн их баярлана.
  • Харин өсвөр насны хүүхдийн хувьд төсөөлөх, ургуулан бодох чадвар хамгийн дээд цэгтээ хүрдэг учраас бүтээлж чадварыг нь хөгжүүлэх, өөрөөр нь хийлгэдэг, зохион бүтээлгэдэг зүйлс санал болгох хэрэгтэй.

Хүүхэд тоглож байхдаа бие физиологи, сэтгэл зүй, танин мэдэхүйн гээд маш олон чадвараа хөгжүүлж байдаг. Тиймээс тэр болгоныг хөгжүүлэх тоглоомуудаар тоглох хэрэгтэй аж. Жишээлбэл, зөвхөн гар утсаар тоглоод, зурагт үзээд байгаа хүүхдийн танин мэдэхүй л хөгжөөд байхаас биш бие физиологийн чадвар хөгжихгүй.

Огт тоглодоггүй эсвэл нэг тоглоомоороо байнга тоглодог хүүхдийн төсөөлөх, асуудал шийдвэрлэх, ямар нэгэн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх чадвар нь бусад хүүхэдтэй харьцуулахад сул хөгждөг. Мөн аав ээжтэйгээ тоглож өссөн хүүхдэд гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй ойр байх дадал суудаг гэдгийг сэтгэл зүйч хэлж байлаа.

Мэдээж хэрэг хүүхэддээ хамгийн сайн сайхныг хүсдэг эцэг эхчүүд Та бүхэн хүүхдээ сайн тоглоомоор тоглуулахыг хүсч байгаа байх. Тэгвэл сайн тоглоом гэж ямар тоглоомыг хэлэх вэ?

Хамгийн түрүүнд хүүхдэд аюулгүй байх ёстой. Мөн удаан хэрэглэгддэг. Мэдээж хэрэг материал нь хүүхдэд хоргүй, өнгө үзэмж, хэлбэр хэмжээ нь хүүхдийн насны онцлогт тохирсон, тав тухтай  байх ёстой. Өндөр үнэтэй бүхэн сайн тоглоом биш. Хамгийн гол нь таны хүүхдэд тааламжтай, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон байх ёстойг анхаараарай.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд насандаа юуг авч чадаагүй, юу дутагдаж байсан тэр зүйлийг хүүхэддээ өгөхийг хүсдэг. Гэтэл цаг үе өөр болсон. Чихэр, жимс, амттанг гараад л дэлгүүрээс худалдаад авах боломжтой. Тэгэхээр хүүхэддээ хэрэгтэй, өөрийг нь хөгжүүлэх бэлгийг бэлдээрэй.