ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д ажиллаж буй Монгол иргэд хөдөлмөрийн эрхээ ХАМГААЛУУЛАХ боломжтой болжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

БНСУ-д амьдарч буй Монголчуудын хөдөлмөрийн эрхийг хамгаалан ажилладаг хуульч И Гуан Сү болон Монгол дахь “Түдэй Лоонж” компаниас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

“Дэе Юу” хөдөлмөрийн хуулийн фирм нь БНСУ-д ажиллаж буй гадаадын иргэдийн хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалж, жилдээ 300 гаруй хүний асуудлыг шийдвэрлэдэг байна. Тус хуулийн фирмээс Монголын “Түдэй Лоонж” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан ажээ.

Монгол дахь “Түдэй Лоонж” компанийн дэд захирал Б.АриунболдБНСУ-д 30-40 орчим мянган Монгол иргэд хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд хөдөлмөр эрхэлдэг. Гэхдээ тус улсын хөдөлмөрийн тухай хууль сайн мэдэхгүйгээсээ болоод цалингаа авч чадахгүй байх, гэнэтийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдах, хууль бусаар ажлаасаа халагдах, 13 дахь сарын тэтгэмжээ авч чадахгүй байх зэрэг маш олон асуудал тулгарч байдаг.

Тулгарч байгаа энэ асуудлаа хаана хандаж, хэрхэн шийдэхээ мэдэхгүйгээс хохирч үлдэх нь их. Тиймээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор бид хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр хууль ёсоор болон хууль бусаар амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах боломжтой боллоо” гэв.

“Дэе Юу” хөдөлмөрийн хуулийн фирмийн өмгөөлөгч И Гуан Сү хэлэхдээ “БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтоосон байдаг. Долоо хоногт 40 цаг ажиллавал 2016 оны байдлаар ХХДХ 1,260,000 вон байгаа. Үүнтэй уялдуулаад доод хэмжээндээ хүрэхгүй цалин авч байгаа хүмүүсийн цалингийн зөрүүг авч өгөх, эрхийг нь хамгаалан ажиллана.

Мөн ялгаагүй ажлаас гарсны тэтгэмжийн асуудал байна. БНСУ-д ажиллаж байгаа Монгол ажилчид энэ тэтгэмжийг авч чадаагүй байх тохиолдол их бий.  Хуулиар бол тухайн байгууллагад нэг жилээс дээш ажилласан бол нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой.

Энэ мэтчилэн эрх үүрэг нь зөрчигдөж байгаа Монгол ажилчдын эрх үүргийг бид хамгаална. Хуульд зааснаар авч чадаагүй цалин болон ажлаас гарсны тэтгэмжийг нэхэмжлэх хугацаа нь 3 жил байдаг. Мөн энэ хугацаанд гэнэтийн осол гэмтлийн хохирлыг нэхэмжлэх ёстой” гэв.

БНСУ-д ажиллаж байгаад Монголдоо ирсэн ч хохирлоо барагдуулж чадаагүй бол нотлох баримттайгаа “Түдэй Лоонж” компанид хандаж, нэхэмжлэх боломжтой юм байна. Харин БНСУ-д яг одоо ажиллаж байгаа иргэд “Дэе Юу” хуулийн фирмд хандаж, үйлчлүүлэх боломжтой.

Тус компаниуд эрх нь зөрчигдсөн Монгол ажилчдад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, урьдчилгаа төлбөр авахгүйгээр нэхэмжлэлийг нь хөөцөлдөх ажээ.

Монгол дахь “Түдэй Лоонж” компанийн хаяг: Чингэлтэй дүүрэг, “Монгол Ньюс” бьюлдинг 4 давхарт, утас: 9339 9939

БНСУ дахь “Дэе Юу” хөдөлмөрийн хуулийн фирмийн хаяг: Gangnam-gu, Nambusunhwanno 2615 Kukdong Starclass 317, Утас: +82-02-3463-5119