Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Оюунбаатар нар танилцууллаа.
УИХ-аас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан.
Үүний дагуу шүүхийн багц хуулийн хүрээнд гарч буй зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг шүүх болон хууль хэрэглэх практикт бодитойгоор хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа аж.
Хуулийн төслийн агуулга нь эвлэрүүлэн зуучлалын болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаа, түүнчлэн Шүүхийн тухай хуульд нийцүүлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой харилцааг зохицуулсан зарим зүйл заалтуудыг өөрчлөхийн зэрэгцээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх практикт хэдийнэ хэвшсэн боловч хууль тогтоомжид төдийлөн нарийвчлан зохицуулагдаагүй зарим асуудалд найруулгын болон агуулгын шинжтэй өөрчлөлт хийж зохицуулалтын үндсэн санааг хоёрдмол утгагүйгээр тодотгоход чиглэж байгаа гэдгийг сайд хэллээ.
Үүний дараагаар гишүүд санал бодлоо хэлж, хуулиудын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 31 нь буюу 66 хувь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн дараа нь Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Хууль санаачлагч дээрх хууль, тогтоолын төслүүдийг Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх явцад С.Баярцогт шүүгч болон бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг цаашид тусгай хуульд нэгдсэн байдлаар тусгах, хууль, тогтоолыг ердийн журмаар болон тодорхой хугацаа зааж хүчин төгөлдөр дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн С.Ганбаатар асуулт асууж тодруулан төслүүдийг дэмжих эсэх талаар гишүүн Ц.Оюунбаатар, Д.Лүндээжанцан, С.Баярцогт, З.Баянсэлэнгэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 70.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!