Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эх орноо төлөөлөн Монгол Улсад суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өчигдөр өргөн барив.
Монгол Улсад суух Элчин сайдууд:
Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитувакку
Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад
Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахсин Букелфа
Саудын Арабын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М.А.Алмади
Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканас
Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Акулина
Босни Херцеговина Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антон Рилл
Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мартен Кокк
Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитуваккутай уулзах үеэр хоёр талын харилцааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцаж, Элчин сайдын ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ дэмжиж тусалж ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байлаа.
Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад уулзалтын эхэнд Тажикстаны Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа. Мөн эртний сайн харилцаатай Монгол Улстай харилцаагаа улам хөгжүүлэхийн төлөө ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.
Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва Монгол оронд анх удаа ирж, монголчууд элэгсэг дотно хүлээн авч байгаад талархалтай байгаагаа ярианыхаа эхэнд дурдав. Мөн хоёр орны хооронд хөдөө аж ахуй, уул уурхай, спортын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг талууд дурдсан юм.
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахсин Букелфатай уулзах үеэр талуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа Элчин сайд тэмдэглэлээ.
Саудын Арабын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М А.Алмади Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр тал сайн харилцаатай явж ирснийг дурдаад Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд чармайн ажиллахаа мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканастай уулзах үеэрээ ажлын амжилт хүсч, Монголд томилогдон ирсэнд нь баяр хүргэлээ. Мөн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Грекийн Гадаад хэргийн сайд Никос Коциас оролцсоныг дурдав.
Монгол, Грекийн хооронд 1967 оны 3 дугаар сарын 3-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2017 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох гэж байгааг мөн тэмдэглэлээ.
Монгол Улс Грекээс хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тухайлбал, хувцас, нэхмэл эдлэл, хөвөн зэргийг импортлодог бөгөөд олон улсын тавцанд ч найрсаг сайн харилцаатай байдаг. Уг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чармайлт гарган ажиллана гэдгээ Элчин сайд Леонидас Роканас хэлж байлаа.
Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Акулинатай хийсэн уулзалтын үеэр тус улсын Ерөнхий сайд Жосеф Мускат 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсоныг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн хоёр орон боловсрол, улс төрийн хүрээнд сайн харилцаатай явж ирснийг дурдав.
Босни Херцеговина Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антон Риллтэй уулзах үеэр хоёр орны харилцаа олон улсын түвшинд найрсаг сайнаар хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид энэ харилцааг улам өргөжүүлэхэд Элчин сайд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.
Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мартен Коккийг хүлээн авч уулзахдаа Улаанбаатар хотод болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Эстонийн Ерөнхий сайд Таави Ройвас оролцсоныг тэмдэглэж, олон жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн хоёр талын харилцааг цаашид өргөтгөн хөгжүүлэхэд Элчин сайд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Эстони Улсын цахим засаглалын туршлагаас Монгол Улсад суралцах зүйл их байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарт ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!