Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаргын усаа ашиглахгүй бол цэвэр усны хомсдол үүсэхэд ойрхон болжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн цэвэр усны нөөцийг одоо хэрнэ бодитоор тогтоож, яг хэр хэмжээтэй байгааг нь БОНХЯ, УСУГ мэдэхгүй байгааг ШУТИС-ийн профессор Д.Басандорж  шүүмжиллээ.

Тэрбээр "Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ” сэдэвт хэлэлцүүлэг дээр ийн хэлсэн бөгөөд “Нийслэлчүүд бид гүнээс хамгийн цэвэрхэн ус авдаг. Харин ус дамжуулах шугам хоолойны элэгдэл, гэмтлээс болж усны чанар алдагдаж, хэрэглэгчидэд хүрч байна.

Тиймээс 1950-иад онд тавьсан энэхүү ус дамжуулах хоолойнуудыг шинэчлэх шаардлага бий” гэлээ.

Монгол Улсын усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын ус, үлдсэн 10 хувь нь газар доорх гүний ус аж. Гэтэл энэхүү 10 хувиас их хэмжээгээр хэрэглэж байгаа нь цаашдаа усны хомсдол үүсэх аюулыг дагуулжээ.

Д.Басандорж: Нийслэлийн цэвэр усны нөөцийг одоо хэрнэ бодитоор тогтоож, яг хэр хэмжээтэй болохыг нь мэдэхгүй байна

Тиймээс ирээдүйд  гадаргын усыг хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг УСУГ-ын дарга С.Үнэн хэлж байна.

Монгол Улс жилдээ 500-700 сая шоо метр усыг хүн амын хэрэглээнд болон үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн зориулалтаар ашигладаг бөгөөд 90 орчим хувийг гүний буюу бага усны нөөцөөс хангадаг аж.

Гэтэл ойрын үед газрын доорх усны нөхөн сэргээгдэх хэмжээ багасаж хомсдох эрсдэл байгааг УСУГ-ын дарга С.Үнэнгийн илтгэлээс харж болохоор байлаа.

Энэхүү тугамдсан асуудлаас үүдэн гадаргын усыг хуримтлуулах зорилгоор Туул гол дээр далан байгуулах судалгаа хийж эхэлсэн байна.

Ингэснээр гүний усаа хадгалан авч үлдэх нөхцөл бүрдэх ач холбогдолтойгоос гадна Туул голын урсацыг тогтвортой байлгах, үерийн усыг хуримтлуулах гээд ашиг тус ихтэй гэнэ.

Өнөөдрийн байдлаар Туул голын сав газрын дагуу байгаа 170 орчим гүний худгаас ус татаж, нийслэлчүүдийн ундны, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангадаг байна.

Дашрамд дурдахад, дэлхий дээр бага усны нөөцтэй 22 орон байдаг бөгөөд энэ тоонд Монгол Улс багтдаг аж. Харин хамгийн их усны нөөцтэй орноор БНХАУ, ОХУ, Бразил улс нэрлэгджээ.