Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт 41 төлөөлөгч сонгогдохоос Ардчилсан нам 31 суудлыг авч, ялалт байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргыг томиллоо. Дүүргийн ИТХ-н даргаар өмнөх дөрвөн жилд БГД-ийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Г.Энхболд томилогдсон бол Засаг даргаар УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа олонхын саналаар томилогджээ.
Орон нутгийн сонгуулийн өмнө Баянгол дүүргийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж, ялалт байгуулж олонх болвол УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар томилохоо мэдэгдэж байсан юм.
Товч танилцуулга:
С.Одонтуяа нь 1982 онд Нийслэлийн 10-н жилийн 1-р дунд сургууль, 1988 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Улсын Их сургууль төгссөн. Англи, орос хэлтэй. Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
1988-1991 онд Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвд мэргэжилтэн
1991-1994 онд *Сант* ББХК-ийн захирал
1995-2008 онд *Сод трейд* ХХК-ий ерөнхий захирал
2007 оноос *Иргэн Та Баялаг* сангийн тэргүүн
2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
2011-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!