Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт"-ийн гүйцэтгэх удирдлагыг томилох ЭРХГҮЙ

Б.Ану
2016 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэт” үйлдвэрийн  51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны  газрын дарга Н.Доржсэмбэд нарыг томилсон билээ. 

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ долоон гишүүнтэй байх бөгөөд дөрвийг нь 51 хувийг төлөөлж буй төрөөс томилсон.  

Харин өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийсэн шинэ Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат "Өнөө маргаашгүй “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлыг томилохоор шийдвэрлээд байгаа" талаараа мэдээлсэн. 

Компанийн тухай хуульд зааснаар "62.2.3. компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох" нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх ёстой асуудал юм. Өөрөөр хэлбэл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг КОМПАНИЙН ТУХАЙ хуулиар зохицуулдаг. 

Тиймээс ч "Эрдэнэт"-ийн гүйцэтгэх удирдлагыг томилох асуудлыг Засгийн газрын хуралдаан бус "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар шийдэх ёстой. Харин Ж.Эрдэнэбатын мэдэгдэл нь улстөрийн шийдвэрээ хэзээ гаргахаа хэлсэн бололтой. 

Гэхдээ Компанийн тухай хуульд зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд орсноор тухайн хурлыг хүчин төгөлдөрт тооцдог учраас гүйцэтгэх удирдлагыг нөгөө талын оролцоогүйгээр шийдэх боломж байгааг хэлэх хэрэгтэй.