Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

“ТА-3” төслийн хүрээнд ажиллаж байсан 105 ажилтны гэрээний хугацаа нь дууссан гэв

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн банк, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой амьжиргаа-3" төсөл хэрэгжиж байгаа. Энэхүү төслийн хүрээнд Сум дэмжих багт ажиллаж 105 ажилтныг ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр Сангийн яамнаас халсан хэмээн ажилтнуудын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл энэхүү мэдээлэлд Сангийн яамнаас өнөөдөр хариу тайлбар өглөө.

Нэгэн зэрэг 105 ажилтныг хоморголон халсан гэх асуудалд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга “Монгол Улсад хэрэгжиж байгаа аливаа төсөл хөтөлбөрийн хүрээнд зөвлөх, ажилтнуудыг ажиллуулахдаа Хөдөлмөрийн гэрээ биш Хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг. Энэ бол нийтлэг зүйл.

Тиймээс “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд эдгээр 105 ажилтныг Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилд авсан. Ингэхдээ зургаан сарын хугацаанд гэрээ хийсэн байсан. Гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн” хэмээв.

Мөн тус яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Тавдугаар сард төслийн загварыг өөрчлөх санал санхүүжүүлэгч талаас ирсэн. Тухайн үед эдгээр ажилтны гэрээ дуусгавар болохоор байсан ч хоёр сарын хугацаатай дахин сунгасан. Ингэснээр есдүгээр сарын 30-наар Хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон” гэв. 

Одоогоор орон нутгийг хөгжүүлэх сангийн хэрэгжилт, гүйцэтгэлийг үнэлж дүгнэх ажил хийгдэж байгаа бөгөөд энэ ажил дууссаны дараагаар төслийн шинэ бүтцийг тодорхойлон, шинэ ажлын байрыг олон нийтэд нээлттэйгээр зарлах юм байна. Сум дэмжих багийн ажилтны цалин дунджаар 1.2 сая төгрөг байдаг байна.

Мэдээллийн төгсгөлд тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Оюунболд "Сангийн яам бол төрийн байгууллага, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн хөгжлийн агентлаг бол Олон улсын байгууллага. Харин олон улсын байгууллага нь ямар нэгэн байдлаар улстөржсөн шийдвэр гаргадаггүй. Тиймээс үүн дээр улстөржсөн өнгө аяс, хандлага байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэлээ.

 “Тогтвортой амьжиргаа” төсөл нь Дэлхийн банкнаас 24 сая ам.доллар, Швейцарын хөгжлийн агентлагаас 11.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж буй бөгөөд орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Энэхүү төсөл 2018 он хүртэл хэрэгжих ажээ.