Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв цэвэрлэх байгууламж АСЕМ-ын үеэр яаж ажиллаж байсан яг тэгж ажиллаж байгаа"

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2016 оны эхээс цэвэрлэх байгууламжийн асуудал эрчимтэй яригдаж, хоёрдугаар сард улсын төсвийн хөрөнгөөр “Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтанд оруулах” төсөлд зориулан 8.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байдаг.

Тус хөрөнгөөр нэн түрүүнд Төв цэвэрлэх байгууламжаас гарах өмхий үнэрийг дарах ажлыг эхлүүлсэн. Өмхий үнэр олон жил хуримтлагдсан лагаас гарч байгаа учраас лагийг хатааж, үнэрийг нь дарах бодис цацаж эхэлсэн билээ.

Мөн бохирдуулагч хүчин зүйлсэд үнэлэлт дүгнэлт хийгээд сүүлийн жилүүдэд гадаадын орнуудад ашиглаад үр дүнгээ өгч байгаа физик химийн цэвэрлэгээний технологийг нэвтрүүлэн лагийг бор өнгөтэй нунтаг шороо болгож ногоон байгууламжид бордоо хэлбэрээр ашиглах боломжтой болно хэмээн холбогдох албаныхан мэдээлж байсан.

Тэгвэл ойрын өдрүүдэд "Төв цэцэвэрлэхийн үнэр дахин үнэртэх боллоо. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр үнэртэхгүй байснаа одоо үнэртээд эхэллээ" гэх гомдол хотын баруун хэсэгт амьдардаг иргэдээс гарах болсон. 

Яагаад өмхий үнэр үнэртэх болсон, энэ нь цэвэрлэх байгууламжийн ажиллагаатай холбоотой эсэх талаар тус байгууламжийн инженер Ц.Болдоос тодрууллаа.

- АСЕМ өнгөрөөд урьдын адил дахин  эвгүй үнэр үнэртээд эхэллээ гэсэн иргэдийн гомдол гарах боллоо?

- Төв цэвэрлэх байгууламж ажилдгаараа л ажиллаж байгаа. АСЕМ-ын үеэр өмхий үнэрийг дараад одоо дарахгүй байгаа юм биш. АСЕМ-ын үед яаж ажиллаж байсан, одоо яг л тэгж ажиллаж байна. Үнэр дарж, хатаах бодисыг цацдагаараа цацаад явж байгаа. Бодис цацлаа гээд өмхий үнэр огт үнэртэхгүй байна гэж байхгүй. Тодорхой хэмжээнд үнэртэж байгаа. Хэт халуун үед арай илүү үнэртэх тал байдаг. 

- Саяхан Төв цэвэрлэх байгууламж 72 цагийн зогсолт хийсэн. Энэ үеэр ямар засвар үйлчилгээ хийсэн бэ?

- Наймдугаар сарын эхээр 72 цагийн түр зогсолт хийж, шинээр барьж байгаа тунгаагчийн шугам шилжүүлэх ажлыг хийсэн. БХБЯ-ны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ ажил 2013 онд эхэлсэн ч санхүүжилтын асуудлаас болоод удаашралтай явж байгаа.

- Төв цэвэрлэх байгууламж хэвийн ажиллаж байгаа юм бол эвгүй үнээр хаанаас гараад байна?

- Энэ оны зургаадугаар сарын дундаас үйл ажиллагааг нь зогсоогоод байсан арьс, шир, өлөнгийн үйлдвэрүүд саяхнаас ажиллаж эхэлсэн. Цэвэрлэх байгууламжийн хажууд залгаа шахам өлөнгийн үйлдвэр байдаг. Тэдний үнэр шууд агаарт тархаад байх шиг байгаа юм. Тэдгээр үйлдвэрүүд ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор өмхий үнэртэж байж магадгүй.


Дан ганц Төв цэвэрлэх байгууламжаас өмхий үнэр гардаггүй, байгууламжаас Туул гол руу ортол 3-4 км зайд ихээхэн лаг хураимтлагдсан нь бөмхий үнэрийн бас нэгэн эх сурвалж ажээ.

Мөн "Арьс шир, өлөнгийн үйлдвэрүүд химийн бодис хэрэглэн арьс шир боловсруулдаг. Энгийн иргэд зөвхөн Төв цэвэрлэх байгууламжаас үнэртэж байна гэж ойлгодог. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Төв цэвэрлэх байгууламжийн ойр орчимд  ес, Хан-Уул дүүрэг Харгиа орчимд 30 гаруй арьс шир, ноос ноолуур, өлөнгийн үйлдвэрүүд байна. Тиймээс эрүүл ахуй талаас нь арга хэмжээ авах шаардлагатай" хэмээн Хотын менежер асан Б.Бадрал ярьж байсан юм.