Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 14 хоногийн турш Казахстаны Апматы хотод болж өндөрлөлөө.
Хоёр жил тутамд нэг удаа болдог 17 дахь удаагийн тэмцээн Атматы хотын “Baluan Sholak” урлаг, спортын ордонд болсон бөгөөд таван тивийн 100 орны 457 боксчин арван жинд нударга зөрүүлсэн.
Энэ удаагийн тэмцээн хэд хэдэн онцлогтой боллоо. Тодруулбал ялагчийг үе бүрт тодруулдаг болсноос гадна боксчид хамгаалалтын дуулгагүй тулалдсан юм.
Казахстаны рингэнд 18 орны боксчид медаль хүртснээс зохион байгуулагч орны ширэн бээлийтнүүд нутагтаа түүхэн амжилтаа үзүүлж, арван жингээс хоёроос бусад нь медаль авсан.
Казахууд нутгийнхаа рингэнд дөрвөн алт, хоёр мөнгө, төдий тооны хүрэл медаль хүртэж, дэлхийн дэвжээнд анх удаа тэргүүллээ.
Тэд 2005 онд БНХАУ-ын Мяньян хотод болсон 13 дахь удаагийн дэлхийн аваргад хоёр алт, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт орсон нь өмнөх дээд амжилт юм.
Тэд өнгөрсөн долдугаар сард Йорданы Амманд болсон Азийн аваргад долоон жинд түрүүлсэн бөгөөд түүнийгээ тохиолдлынх байгаагүй гэдгээ нутагтаа харууллаа.
Казахстаны ширэн бээлийтнүүдээс манай хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбын эртний өрсөлдөгч Биржан Жакыпов гол өрсөлдөгчдийнхөө зодог тайлсныг ашиглаж, анх удаа дэлхийн аварга боллоо.
Харин үлдсэн гурван аварга нь болох 64 кг-д Мерей Акшалов, 69 кг-д Данияр Елеусинов. 75 кг-д Жанибек Алимханулы нар энэ жилийн Азийн АШТ-д аваргалсан шинэ гарч ирж буй залуу тамирчид аж.
Ялангуяа 75 кг-ын жинд Монголд төрж, өссөн 20 настай залуу боксчин Алимханулы дэлхийн шилдэг боксчдыг ээлж дараалан сөхрүүлж, дэлхийн аварга болсон нь томоохон сенсаац болсон юм.
Түүнчлэн ДАШТ-ий хаалтын ёслолын үеэр AIBA-гаас 2013 оны шилдэг боксчны шагналыг олгосон бөгөөд 69 кг-ын жингийн аварга Данияр Елеусинов оны шилдгээр тодорч, тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Мырзагали Айтжанов шилдэг дасгалжуулагчаар тодорчээ.
Казахстаны рингэнд 60 кг-ын жинд Италийн Доменико Валентино ДАШТ-ий тав дахь медалиа хүртсэн нь аргагүй ясны тамирчин гэдгээ харууллаа.
Итали эр 2005 онд Мяньянд хүрэл, 2007 онд Чикагод мөнгө. 2009 онд Мнланд алт, 2011 онд Бакугээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн түүний нутаг нэгт хүнд жингийн шилдэг боксчин Роберто Камарелле ДАШТ-ээс дерөв дэх медаль, хоёр дахь хүрлээ зүүв.
Тэрбээр 2007, 2009 онд дэлхийн аварга болж байв. Мөн түүний хувьд олимпийн алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин юм.
Сонирхогчдын боксын 18 дахь удаагийн ДАШТ 2015 онд Катарын нийслэл Дохад болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!