-УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулсан Монгол ардын нам улс төрийн өнгийг өөрсдийнхөө зурж эхэллээ. УИХ-д 65 суудлыг дангаараа авч, төрийн хувь заяаг шийдэх эрхийг атгасан МАН улс төрийн үйл явц, өнгийг өөрсдийнхөөрөө зурах нь тодорхой хэдий ч нөгөө өнцгөөс нь харвал тэд бүгдийг хүч түрэн шийдвэрлэхээр улайрч байгаа дүр зураг өнөөгийн улс төрийн үйл явдлаас ажиглагдаж эхэллээ-
Мөрийн хөтөлбөртөө "мэргэжил"-ийн Засгийн газрыг байгуулахаа амлаж, элгээрээ хэвтсэн эдийн засгаа "сэрээх" хариуцлага хүлээсэн МАН өнгөрсөн Мягмар гарагт шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүлсэн билээ.
Шинэ Ерөнхий сайд тодорсон Ж.Эрдэнэбат ажлаа хүлээж авсан өдрөөсөө эхлэн 15 хоногийн дотор өөрийн толгойлох Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг зурж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх хуультай.
Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон журмынх нь нөхөд Засгийн газрын бүтцээ 13 яам, 16 сайдтай үйл ажиллагаагаа явуулахаар зурж, төрийн тэргүүнд өргөн мэдүүлээд байсан юм.
Ингэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Би бол Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын сайд УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэж үздэг. Бид үүн дээр Үндсэн чиглэлийн яамдын сайд УИХ-ын гишүүн байж болох юм гэж тохирсон. Би тэр зарчмыг та бүхний зүгээс хатуу барьсан гэж ойлгож байгаа" хэмээн онцолжээ.
Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүний Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад илгээсэн албан бичигт "Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр ирүүлсэн 2016 оны долоодугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичиг бүхий санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт оруулах төсөл, нийт 81 хуудас материалтай танилцаад дараах саналыг хүргүүлж байна" гэж тодотгоод "Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна.
Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналтай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй" гэжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байгаагаа ч илэрхийлжээ. Хамгийн сүүлд төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна.
Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна гээд татгалзах болсон шалтгаанаа тайлбарласан байна.
Ингэхдээ буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулахыг хүсчээ.
Харамсалтай нь, УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулсан Монгол ардын нам улс төрийн өнгийг өөрсдийнхөөрөө зурж эхэллээ. Учир нь, төрийн тэргүүнээс татгалзсан хариу авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтцээ өөрөө УИХ-д өргөн мэдүүллээ. Ингэснээр УИХ-д олонхийг бүрдүүлж чадсан МАН-ынхан Ерөнхийлөгчийн татгалзсан эсэхийг ч үл хамааран дуу нэгтэй Засгийн газрын бүтцээ батлах нөхцөлийг бүрдүүлж байна.
Цаашилбал, өмнөх Засгийн газрын үед сөрөг хүчин байхдаа "давхар дээл"-ийг эсэргүүцэж байсан тэд Засгийн эрхийг атгасаныхаа маргааш л үзэл бодлоосоо урваж, "давхар дээл"-нээс татгалзаж чадахгүй нь тодорхой болов. Үүнийг Ерөнхий сайдын хэлсэн "Бид "мэргэжил"-ийн Засгийн газрыг байгуулахаа амласан. Гэхдээ салбар яамыг толгойлсон хүн мэргэжлийнх байх л юм бол УИХ-ын гишүүн байх эсэх нь хамаагүй" гэх утгатай үгнээс харж болно.
Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 39 дүгээр зүйлийн 39.2-т "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх эрхтэй" гэж заасан байдаг ч УИХ-д 65 суудлыг дангаараа авч, төрийн хувь заяаг шийдэх эрхийг атгасан МАН улс төрийн үйл явц, өнгийг өөрсдийнхөөрөө зурах нь тодорхой.
Гэхдээ энэ бүхнийг нөгөө өнцгөөс нь харвал тэд бүгдийг хүч түрэн шийдвэрлэхээр улайрч байгаа дүр зураг өнөөгийн улс төрийн үйл явдлаас ажиглагдаж байгааг сануулахад илүүдэхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!