Вирус тээгч буруутай
Энэ жил 40 насны босго давсан Э-гийн сэтгэлийг зовоосон асуудал нь умайн хүзүүний хорт хавдартай болчих вий гэсэн айдас. Түүний ээж 60 насандаа умайн хүзүүний хорт хавдартай болж, удаан хугацаанд эмчлүүлсэн ч хүндэрсэн байв. Ийн төдийлөн засал авалгүй байсаар хорвоог орхисон аж.
Иймээс л тэр хорт хавдар удамшдаг байж болзошгүй хэмээн эмзэглэнэ. Гэхдээ умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хөхөнцөр вирус HPV тээгч нь эрэгтэй хүн байдаг гэх мэдээлэл авчээ. Үүнээс хойш удамшдаг байх гэсэн хардлагаа орхисон байна.
Тэрбээр “Миний аав залуугаараа нас эцэслэсэн юм. Ээж минь олон жил ганцаараа явж байгаад 50 гаруй насандаа цайны ханьтай болсон.
Ингээд 60 нас хүрээд умайн хүзүүний хорт хавдартай гэдгээ мэдсэн. Тэгэхээр энэ өвчний вирус тээгч нь эрэгтэй хүн гэдэг нь үнэн юм билээ” гэж ярив. Түүний ээж шиг олон эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж байна.
Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг.
Дэлхий дахинд жил бүр 500 мянга орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг. Тэрчлэн дийлэнх нь хөгжиж байгаа оронд бүртгэгддэг талаар эмч нар хэлж байв.
Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг. Ялангуяа умайн хүзүүний хавдар элэгний дараа хоёрдугаарт бичигдэж байна. Хавдар харьцангуй залуужиж байгаа талаар ч эмч нар онцлох боллоо.
Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч гол вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Бэлгийн замбараагүй харьцаатай, олон хавьтагчтай эмэгтэй хүн умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэсэн үг.
Гэтэл энэ вирусийг тээгч эрэгтэй хүн өөрөө өвчилдөггүй бөгөөд зөвхөн дамжуулагч болж нэг эмэгтэйгээс нөгөөд нь халдааж байдаг. Ийм болохоор энэ вирус нь ДОХ шиг гэсэн үг.
Тиймээс эмэгтэйчүүд эсийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй юм. Жилд ядаж нэг удаа эсийн шинжилгээ өгч хэвших хэрэгтэйг эмч нар байнга зөвлөдөг. Энэ нь тухайн эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.
Өнгөрсөн жилийн статистик мэдээллийг сөхвөл, эмэгтэйчүүдийн элэгний хавдар нэгдүгээрт, умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаарт бичигдэж, хорт хавдрын тохиолдлуудаас 14.8 хувийг эзэлж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн "Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хүрээнд орон нутгийнхныг умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээнд оруулж байгаа.
Үзлэгээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь хожуу шатандаа буюу эмчлэгдэх боломжгүй болсон үедээ оношлогддог аж.
Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч гол вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг.
Ингэж геометрийн прогрессоор өсөж буй өвчлөлийг сааруулах гарц нь охидыг хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах. Манай улс нэг хэсэг өсвөр насны охидод Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар гардасил вакцин хийсэн.
Энэ дархлаажуулалтын дараа олон шүүмжлэл гарч байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг сөрөг нөлөө илэрсэнгүй. Уг нь эмийн сангуудаар хөхөнцөр вирусийн эсрэг вакцин зардаг боловч худалдаж авдаг хүн бараг байдаггүй аж. Халдварт өвчин судлалын үндэсний төв вакцин хийдэг ч одоогоор зогсчихсон хэмээн хэллээ. Учир нь вакцинаа авалгүй удаж буй юм байна.
Монгол эмэгтэйчүүдийн ийн умайн хүзүүний хорт хавдартай нүүр тулж байхад байхад казах бүсгүйчүүд бараг өвчилдөггүй тухай нэгэн эмч сонирхуулсан. Хувь хүний амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчин тул казах эмэгтэйчүүдийн хатуу дэг жаяг нөлөөлдөг бололтой.
Умай гэдэг "дүлий" эрхтэн болохоор эмэгтэйчүүд өвчилснөө мэдэхгүй явсаар хүндрүүлдэг байна. Тиймээс зургаан cap болоод эсийн шинжилгээ өгч байвал хорт хавдраас аврагдах боломжтойг та бүү мартаарай.
Эрт илрүүлгийн шинжилгээнд 30-60 насныхныг хамруулдаг бөгөөд иргэд сайн дураараа хамрагдах нь бага байдаг аж. Тухайлбал, 2014 онд хамрагдах насны эмэгтэйчүүдийн 38.8 хувь нь шинжилгээ өгчээ. Цаашид хамрагдалтын хувийг 60 хүргэх зорилт тавьсан гэнэ. 2021 он гэхэд 80 хувьд хүргэнэ гэсэн тооцоо ч гаргажээ.
Уг нь умайн хорт хавдрыг эхэн үед нь илрүүлчихвэл төгс эдгэрдэг өвчин. Харин хожуу үедээ орвол ямар ч аврал байхгүй. Харамсалтай нь, эмэгтэйчүүд хожуу үедээ орсон хойно нь эмнэлэгт хандаж байна.
Д.Лхагвадулам: Эрчүүд хөхөнцөр вирус тээгч гэдгээ мэддэггүй
Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалтын албаны их эмч Д.Лхагвадуламаас зарим зүйлийг тодрууллаа.
-Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байна гэж ярих боллоо. Нийт өвчлөлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Өнгөрсөн оны байдлаар нийт өвчлөлийн 7.7 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Голдуу 40-өөс дээш насныхны дунд өндөр байдаг. Учир нь хорт хавдар өвчилсөн даруйд илэрдэггүй. Тухай хүний дархлаанаас хамаарч илрэх хугацаа нь харилцан адилгүй. Ихэнхдээ 10-15 жилийн дараа илэрч байна.
-Хөхөнцөр вирус тээгч нь эрчүүд байдаг гэсэн. Тэгэхээр эрчүүдийг вирус тээж байна уу, үгүй юу гэдгийг илрүүлэх үзлэгт хамруулах боломжтой юу?
-Нөхөн үржихүйн насны охид буюу 10-15 насныханд гардасил вакцин хийдэг. Эрэгтэй хүн вирус тээгч гэдгээ өөрөө ч мэдэхгүй. Олон нийтийн дунд тархмал байдалтай, нууц хэлбэрээр л дамждаг.
Эмэгтэйчүүдэд хөхөнцөр вирусийн халдвар авсан тохиолдолд онцгой шинж тэмдэг илрэхгүй.
Эмэгтэйчүүдэд хөхөнцөр вирусийн халдвар авсан тохиолдолд онцгой шинж тэмдэг илрэхгүй. Эрэгтэйчүүдийг вирус тээгч мөн, эсэхийг нь тогтоох шинжилгээнд хамруулах бололцоо ч байхгүй. Зөвхөн эмэгтэйчүүдэд л хавдрын вирус илрүүлэх эсийн шинжилгээ хийдэг.
-Зөвхөн хөхөнцөр вирусийн халдвар авснаар л умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг үү. Өөр хүчин зүйл бий юу?
-Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг вирус нь HPV. Нэгэнт хорт хавдраар өвчилсөн тохиолдолд архи, тамхи зэрэг зүйлийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь эдгээр хүчин зүйл нь хавдрын өвчлөлийг улам даамжруулдаг.
-Хорт хавдар нэг, хоёрдугаар шатандаа бүрэн эмчлэгддэг. Энэ тохиолдолд жирэмслэх боломж бий юу?
-Нэг, хоёрдугаар үе шатандаа жирэмслэх боломж бий. Гэхдээ тухайн хавдар үүсгэгч эсийн хоруу чанараас хамаардаг. Жишээлбэл, хавдрын урьтал үед нь умайн хүзүүг нь өөлөөд авчихдаг. Харин хүнд хэлбэрт шилжсэн тохиолдолд умайг нь хорт хавдартай нь хамт авах мэс засал хийдэг. Тэгэхээр жирэмслэх байдал тухайн өвчний үе шатаас шалтгаална гэсэн үг.
-Зарим эмэгтэйчүүд умайн хүзүүний шархыг эмчлүүлэхгүй явбал хорт хавдар болдог гэсэн ойлголттой байдаг. Шарх хорт хавдар болох уу?
-Ерөнхийдөө умайн хүзүү шархтай байгаа тохиолдолд эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Умайн хүзүү шархтай байна гэдэг нь эсийн өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Тиймээс үрэвслийн шарх байна уу, хавдрын урьтал үеийн шарх үүссэн үү гэдгийг эсийн шинжилгээ өгч байж л мэдэх боломжтой.
-Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Эхний шатандаа ямар нэг зовиур мэдрэгдэхгүй. Удаан хугацааны дараа үтрээнээс цусархаг, идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах, хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх, гуя руу дамжиж өвдөх, бие сульдан, ядарч тамирдах шинж илэрдэг. Ер нь бэлгийн харилцаанд эрт орох, олон хавьтагчтай байвал хорт хавдраар өвчилнө. Иймээс эмэгтэйчүүд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь чухал.
-Эмчилгээний хувьд ямар дэвшил гарч байна вэ?
-Манай эмнэлгийн тоног төхөөрөмж нэлээд сайжирсан. Голдуу мэс заслын аргаар эмчилж байна. Хэвлийг нээх, мөн үтрээгээр, дурангаар гээд олон янзын аргаар мэс засал хийдэг болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
