Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсэгт халдлагын дараа Казахстанд онц байдал зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
YouTube сүлжээнд тавигдсан видеонд дүрслэгдсэн зэвсэгт этгээдүүд

Өчигдөр Казахстаны баруун хойд хэсгийн Актобе хотод зэвсэглэсэн исламистууд цэргийн байгууламжууд руу довтлон зургаан хүний амийг хөнөөсний дараа терроризмийн эсрэг тусгай ажиллагаа явуулахад хүрсэн байна.

Энэ хэрэг явдлын дараа Актобегээс гадна Алматы, Актау, Астана зэрэг томоохон хотуудын зэвсгийн дэлгүүрүүдийг хааж харуул хамгаалалтыг нэмэгдүүлжээ.

Өчигдөр буюу Ням гарагт хэд хэдэн зэвсгийн дэлгүүрт зэрэг довтолсны дотор нэг дэлгүүрийн харуулыг нь алж, хэргийн газарт ирсэн гурван цагдааг шархтуулсан тухай дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Өөр нэг дэлгүүрт зэвсэгт этгээдүүд гаднаас орж ирсэн үйлчлүүлэгчийг алсан бол дараа нь хамгаалалтынхан ирж тэдний гурвын амийг хөнөөжээ. Бас нэг хэсэг нь автобус булаан цэргийн ангийн хаалга руу довтолж гурван албан хаагчийг буудаж хөнөөснийхөө дараа нэгийгээ алуулж зугтаасан байна.

Нийтдээ өчигдөр зэвсэгт этгээдүүдээс дөрөв нь алагдан долоо нь зугтсан гэнэ. Мөн есөн цэргийн болон цагдаагийн албан хаагч шархтжээ.

Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Алмаз Садубаевын хэлснээр эдгээр зэвсэгт этгээдүүд нь шашны радикал хөдөлгөөний гишүүд болох нь тогтоогдсон байна.

Ням гарагт халдлага гарсан Актобе хотод замын хөдөлгөөн, дэлгүүр хоршоо, нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хааж иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Актобе хот нь Оросын хилээс 100 км зайтай байдаг ба 2011 онд Казахстаны хамгийн анхны амиа золиослогчийн халдлага энд гарч байсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty