Уншиж байна ...

"Манчестер Юнайтед"-ийн дасгалжуулагч Эрик тэн Хаг халагдлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Английн "Манчестер Юнайтед" баг дасгалжуулагч Эрик тэн Хагаа халж байгаагаа зарлалаа.

Улаан чөтгөрүүд орон нутгийн цагаар өнгөрсөн Ням гарагт болсон "Уэйст Хэм" багт 1:2-оор дийлдсэний дараа багийн удирдлагууд өнөөдөр түүнийг халах шийдвэр гаргасан байна.

Нидерланд мэргэжилтний удирдлага дор Премьер лигийн эхний есөн тоглолтоос гуравхан хожил авсан төдийгүй Европа лигийн 36 багаас 21 дүгээрт жагсаж буй нь түүнийг халах үндэслэл боллоо. 

Эрик тэн Хагийн багт өнгөрсөн улиралд нэгдсэн нэрт довтлогч асан Руд ван Нистелрой дараагийн дасгалжуулагчийг олох хүртэл багийг түр удирдахаар томилогдсон байна. 

Өнгөрсөн тавдугаар сард Холбооны цомын тэмцээнд хөрш "Манчестер Сити"-г ялсны дараа түүний гэрээг нэг жилээр сунгасан боловч гуравхан сарын дараа ажлаа өгөхөөр болжээ. 

"Манчестер Юнайтед" баг 2013 онд алдарт дасгалжуулагч Сер Алекс Фергюсон нь тэтгэвэртээ гарснаас хойш таван дасгалжуулагчаа халаад байна. 

Түр дасгалжуулагчаар томилогдоод буй Руд ван Нистелрой Улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнд 150 тоглолтод оролцохдоо 95 гоол хийж байв. Дараа нь "Реал Мадрид" багт дөрвөн улирал зүтгэхдээ 68 тоглолтод 46 гоол оруулсан чадварлаг довтлогч байв.

Тэрбээр 2021 оноос дасгалжуулагчийн гараагаа эхлүүлснээр энэ улирлаас Манчестерийн багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

 

Эх сурвалж: BBC