Уншиж байна ...

Дуэйн Уэйдийн хөшөө маргаан дагуулав

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

NBA-гийн "Майами Хит" багийн нэрт тоглогч асан Дуэйн Уэйдийн хөшөөг орон нутгийн цагаар өнгөрсөн Ням гарагт "Kaseya Center"-ийн үүдэнд танилцууллаа.

Тус багийн ерөнхийлөгч Пат Рэйли Д.Уэйдэд зориулсан хөшөөг босгоно гэдгээ зарласнаас хойш найман сарын дараа ажил хэрэг болсон юм. 

Майамигийн бүх цаг үеийн онооны лидер бөгөөд Удонис Хаслемын хамтаар гурван удаа лигийн аварга болж байсан Д.Уэйдийн хүрэл хөшөө нээгдсэн даруйдаа цахим ертөнцийн ярианы сэдэв болов. 

Тэд нэрт тоглогчийн хөшөөг өөртэй нь ижилхэн болоогүй гэж шүүмжилсэн бол шооч зарим нь "Тэр 60 насандаа л ийм харагдаж магадгүй" гэж ёжилсон байна. 

Түүнчлэн Холливүүдийн нэрт жүжигчин, "The Matrix", "John Wick" цувралд бүтээсэн туслах дүрээрээ олны сэтгэлд хоногшсон Лауренс Фишбернтэй төстэй болсон гэх хүмүүс ч бий.

Д.Уэйдийн 2009 онд "Чикаго Буллз" багийн эсрэг хожлын шидэлт хийснийхээ дараа баяраа тэмдэглэж буй агшныг мөнхөлсөн хүрэл хөшөөг "Studio Rotblatt Amrany"-гийнхан хийжээ. Тэд 300 гаруй хүрэл хөшөөг бүтээсэн туршлагатай. Тэр дундаа Майкл Жорданы гурав болон Коби Брайантын хоёр хөшөөг хийсэн аж.

Тус компанийн хамгийн анхны бүтээл нь 1994 онд Майкл Жорданыг их спортоо орхисны дараа "United Center"-ийн өмнө хийсэн "The Spirit" хөшөө юм. Үүний дараа Коби Брайантын алдарт 81 оноо авсан тоглолтыг дурсахаар хүрэл хөшөө босгосон бол өнгөрсөн наймдугаар сард Коби болон түүний охин Жижигийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөг сүндэрлүүлсэн билээ.

Хэдийгээр Д.Уэйдийн хөшөөнд хөгжөөн дэмжигчид нь сэтгэл хангалуун бус байгаа ч тэр өөрөө ихэд баяртай байгаагаа хуваалцжээ. Д.Уэйд хөшөөг бүтээх явцад уран барималчидтай нэг бус удаа уулзаж, санаа бодлоо солилцсон аж.

Өдгөө 42 настай америк эр их спортоо орхиод таван жил болж байгаа ч өдгөө бизнесийн ертөнцөд маш завгүй нэгэн болсон юм. Тухайлбал "Юта Жазз" багийн хувьцаа эзэмшигч болоод зогсохгүй өнгөрсөн онд WNBA-гийн "Чикаго Скай" багийн багахан хувьцааг худалдаж авсан билээ. 

Д.Уэйд 2020 оны "Time" сэтгүүлийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодорч байв.

 

Эх сурвалж: essentiallysports.com