Уншиж байна ...
Зураг
Зураг

Н.Баярсайхан: Төр хотын захиргаанаас өгдөг зөвшөөрлөөрөө дамжуулж төлөвлөлтгүй хотыг бий болгоод байна

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Дэлхийн Банк хамтран "Монголын орон сууцны ирээдүй 2024" олон улсын форумыг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр болсон "Монгол Улсын орон сууцны бодлогын өнөөгийн байдал, шийдлийг үнэлэх нь" панел хэлэлцүүлгийн төгсгөлд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайханы илэрхийлсэн байр суурийг онцлон хүргэе.

Тэрбээр "Орон сууцжуулалтад гарч буй нэг гажуудал бий. Нэг барилгын компани барилга барихаар гурван айлын газрыг худалдаад авчхаж байгаа юм. Энэ тохиолдолд тэр газар дээр нь л архитектур төлөвлөлтийн даалгаврыг хотоос өгөөд байна. Үүнийг хуульчилж зогсоохгүй бол томоор төлөвлөх гэж байгаа газруудын үнэ цэнийг бууруулаад зогсохгүй нөгөө барилгын компани нь үнэтэй авсан газраасаа ашиг олохын тулд талбайдаа дүүртэл барилга төлөвлөөд, хүн амьдрах орчингүй, өндөр өндөр барилгын төлөвлөлт хийдэг. Үүнийг хуульчлах шаардлагатай. 

Мөн гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж байгаа тохиолдолдоо анхаарах юм бий. Олон улсын туршлага, тухайлбал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад давхрын тоог заахаас гадна өндрийн хэмжээг заадаг, тэдэн метр өндрөөс дээш хэтрүүлж болохгүй гээд. Зарим нэг хотод бол монголчуудын хэлдгээр шувуу нурууны градусыг хүртэл заадаг. Энэ мэтчилэн стандартуудыг хатуу хуульчлахгүй бол газраа зараад гоё гоё төлөвлөлтүүд нь үгүй болж байгаа жишээ Зайсан, 100 айл, Натур төвийн ойролцоох газруудад байгааг бид харж байна. Ийм завхралуудыг төр, өөрөөр хэлбэл хотын захиргаанаас өгч байгаа зөвшөөрлөөрөө дамжуулж илүү төлөвлөлтгүй хотыг бий болгоод байгаа" гэж байр сууриа илэрхийллээ.

Мөн уг хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Г.Лувсанжамц "Тэргүүн ээлжид гурван бүлгийг ипотекийн зээлийг оочергүйгээр шийдэж өгөх ёстой. 

  1. Хоёроос дээш хүүхэдтэй залуу гэр бүл. Оочергүйгээр тэргүүн ээлжид асуудлыг нь шийдэж өгөх ёстой. Бид бүх иргэнээ утаа гаргадаггүй орон сууцанд дулаахан амьдруулах зорилго бий тул энэ бүлгийг нэгдүгээрт тавих ёстой. 
  2. Бага, дунд орлоготой иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд. Эдгээр иргэн маань гэр хороололд гал түлээд амьдраал байхаар хэрэглээний буюу урсгал зардал нь өндөр гараад байгаа.
  3. Дэд төв байгуулж буй газруудад орон сууц авахаар хүсэлт гаргасан бол тэргүүн ээлжид шийдэж өгөх ёстой" гэсэн юм.