Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр замын уулзвар, хоёр шийдлийн огтлолцол

Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 7
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

120 мянгатын гүүрэн гарцын цахилгаан шат ажиллаж байна. Би өвөл сониучирхаад, ажилладаг эсэхийг нь шалгасан юм. Тэндхийг өдөр бүр цэвэрлэдэг “Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлчлэгч эгч цахилгаан шат хоёр cap орчмын өмнөөс ажиллаж эхэлснийг надад дуулгав.

Нийслэлд явган хүний дөрвөн гүүрэн гарц байдаг. Тодруулбал, 19-р хороолол, 120 мянгат, “Бөмбөгөр” худалдааны төв болон 100 айлын гүүрэн гарцыг нэрлэж болно.

Эдний дундаас битүү, агааржуулагчгүй баригдсан нь ганц 120 мянгатынх. Битүү болохоор өлөн тоос их босдог, өдөр бүр л ус шүршиж байгаад шүүрддэг тухайгаа үйлчлэгч эгч ярилаа.

Харин задгай гүүрэн гарцад нарийн шороо тогтоод байдаггүй, зуны халуунд бүгчимдэхийн зовлон байхгүй ажээ. Үнэхээр 120 мянгатын гүүрэн гарцад хэсэг зогсоход хөлөрч, ам хатсан байв. Харамсалтай нь, онгойдог цонх, агааржуулагч хайгаад алийг нь ч олсонгүй.

Наадмын хөл хөдөлгөөнтэй өдрүүдэд тус гүүрэн гарц маш ачаалалтай байдаг. Өнгөрсөн наадмаар ачаалал нь ихдээд түр хааж, засвар хийсэн гэхээр уншигч танд ойр бууна биз. Тус гарц энэ өдрүүдэд аагим халуун, агааргүйг эс тооцвол, Цагаан сараар “Барс” захад явж байгаа юм шиг л мэдрэмж төрүүлнэ.

120 мянгатын гүүрэн гарц битүү болохоор хүмүүс хог, нус цэрээ чөлөөтэй хаядаг. Түүгээр ч зогсохгүй хүмүүс цахилгаан шат удлаа гэж өшигчиж, товчлуурыг нь хэд хэдэн удаа унагасан байна. Үнэхээр цахилгаан шатны шилэн хаалгыг нь хагалж, гүүрэн гарцын эвдэж болохоор бүгдийг хэмхэлжээ. Уг нь хүмүүсийг автомашины ослоос хамгаалж, замын түгжрэл бууруулах ажил хийсэн нь сайшаалтай ч учир дутагдал олон байна. Асуудал хаа хаанаа л байгааг олон хүн хэллээ.

Гүүрэн гарцын эвдэж болохоор бүгдийг хэмхэлжээ.

19-р хорооллын гүүрэн гарцын шат өөд нэг эмээ өсвөр насны хүүгээ сугадан өндөр гишгүүрээр аахилан явлаа. Түүнийг угтан “Цахилгаан шатаар явдаггүй юм уу, эмээ?” гэтэл “Өө, ажилладаг байсан юм уу. Байнга л ажиллахгүй байгаа харагддаг. Энэ явдаггүй байх гээд өөртөө итгүүлчихэж дээ” хэмээв. Цахилгаан шатыг уг нь азай буурал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж хийсэн юм билээ. Гэхдээ овсгоотой ч гэх юм уу, залхуу ч гэх үү, хүүхэд, залуучууд болон хижээл насны эмэгтэйчүүд их зорчих аж. Цахилгаан шатаар зорчиж буй хүмүүсийг хэсэг ажиглахад 10 хүн тутмын гурав нь л өндөр настан байлаа.

Тус гүүрэн гарцын цахилгаан шатанд суувал доторх бариул нь салж, скочоор тогтоожээ. Чанаргүй хийсэн компанийн буруу юу, ариг гамгүй хүмүүсийн буруу юу. Цахилгаан шатыг ашиглах нэн тэргүүний эрхтэй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгээс хоёр давхар руу гарах зуураа бариул эвдэж зугаагаа гаргадаггүй нь тодорхой.

Нийслэлд дөрвөн гүүрэн гарц байгаагаас зөвхөн “Бөмбөгөр”, 100 айлын цахилгаан шат л хүйтний улиралд ажилладаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд өвөлдөө эрүүл саруул байх бил үү...

19-р хорооллын гүүрэн гарцан дээр хэсэг зогстол хөгжлийн бэрхшээлтэй гурван ч хүн өнгөрч яваа харагдлаа. Тэргэнцэртэй ээжийгээ түрж явсан иргэн Д.Баярмагнай “Цахилгаан шат нь ажиллаагүй үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс их хэцүү яваа харагддаг. Бас шатны гишгүүр нь их өндөр, огцом шүү дээ” гэв. Би 19-р хорооллын гүүрэн гарцын баруун, зүүн талд байх хамгийн ойр хоёр гарц руу алхаж үзлээ. Гүүрнээс зүүн талд байх гарц руу 170 гаруй метр, нөгөө тал руу 300 орчим метр явж байж гарцаар гардаг юм байна. Бид ч яах вэ, хэд үсчээд л оччихно. Таягтай, тэргэнцэртэй, настай эсвэл хүүхэд тэвэрч яваа хүнд бол хол л зам.

- Гүүрэн гарцыг хэдэн сая төгрөгөөр угсарсан бэ. Цахилгаан шат нь дөрвөн улирал ажилладаг уу?

“Бөмбөгөр’’-ийн гүүрэн гарцын угсралт хариуцсан НАЗГ-ын Хяналтын мэргэжилтэн Ж. Эрдэнэ-Очир:

Гүүрэн гарцыг 720 сая төгрөгөөр угсарсан. Цахилгаан шат дөрвөн улиралд 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг. Өнгөрсөн өвөл цахилгааны эх үүсвэрийн доголдлын улмаас cap орчим зогссон. Одоо хэвийн ажиллаж байна.

19-р хорооллын гүүрэн гарцын угсралт НАЗГ-ын Хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан:

720 сая төгрөгөөр угсарч, өнгөрсөн оны зун ашиглалтад оруулсан. Өвөл хүйтэрсний улмаас эд ангиуд нь царцаж, зогсоход хүрсэн. Гэхдээ асуудлыг шийдвэрлэж, халаалт тавьсан. Ирэх өвлөөс хэвийн ажиллана.

100 айлын гүүрэн гарцын угсралт хариуцсан мэргэжилтэн Ж. Эрдэнэ-Очир:

-2014 онд 600 сая төгрөгийн хөрөнгөөр угсарсан. Өвлийн улиралд ажилладаг ч хааяа саатал гардаг. Гүүрэн гарцын засвар хариуцсан хүн нэг байдаг. Тиймээс 1-2 хоногийн дотор засварладаг.

Гүүрэн гарцыг хариуцсан хүмүүсээс лавлавал, зарим нь өвлийн улиралд царцчихдаг учир цахилгаан шатаа явуулдаггүй гэлээ. Гэтэл Монголын өвөл хүйтэн гэдгийг бид хэзээнээсээ л мэднэ. Тийм атал яагаад жилийн дөрвөн улиралд ажилладаг цахилгаан шаттай гүүрэн гарц анхнаасаа угсарч болоогүй вэ. 120 мянгатын гүүрэн гарцын баталгаат хугацаа хоёр жил. Гэсэн хэдий ч удалгүй эвдэрсэн. Тус гүүрэн гарцыг “Бөмбөгөр” болон 19-р хорооллын төсөвтэй адил 720 сая төгрөгөөр угсарсан. Гэсэн ч өвөлдөө цахилгаан шат нь ажилладаггүй. Гүйцэтгэгч компани нь “MBES”, засварын ажлыг Улаанбаатар нэгтгэл хариуцаж байна.

Хан-Уул дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүн хамгийн олон байдаг. Түүнчлэн 100 айл, “Бөмбөгөр” худалдааны төв гээд хамгийн хөл хөдөлгөөнтэй газарт гүүрэн гарцуудыг байгуулсан. Тиймээс өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчинг дээшлүүлэхийн тулд гүүрэн гарцуудын цахилгаан шатыг дөрвөн улиралд ажиллуулах хэрэгтэйг иргэд хэллээ. Нөгөө талаас иргэд ариг гамтай байж, гүүрэн гарцыг явж өнгөрөхөөс өөрөөр ашиглахгүй байхыг мэргэжилтнүүд уриалсан юм. 

Зураг