Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Органик балны эрэлд

З.Цэлмэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 28
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

“Шоргоолж, зөгий хоёрын аль нь илүү ажилсаг вэ” гэсэн асуултад Биологийн ухааны доктор Х.Отгонбилэг “Аль аль нь ажилсаг амьтан. Гэхдээ зөгий бол хүнд тустай хөдөлмөрөөрөө илүү. Зөгийний үйлдвэрлэсэн 10 орчим төрлийн бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн шууд хэрэглэдэг” хэмээв.

Нэг халбага бал 12 зөгийн бүх насны тасралтгүй хөдөлмөрийн үр шим. Нэг кг органик бал цуглуулахын тулд нэг бүл зөгий 145 мянган км зайг туулдаг. Энэ нь дэлхийн тойрог замыг гурван удаа тойрсонтой дүйнэ.

Ингэж бий болсон байгалийн цэвэр бал бактери, вирус, хөгцийг устгахаас гадна цусан дахь холестерины хэмжээг бууруулж, үрэвсэл дарах, анагаах ид шидтэн.

Нэг халбага бал 12 зөгийн бүх насны тасралтгүй хөдөлмөрийн үр шим. 

Энэ шидтэй балыг хэрхэн таньж авах вэ гэдэг өнөө хэр нь хэрэглэгчдийн толгойг ээрүүлдэг асуулт. Яагаад гэвэл бид энэ үнэт бүтээгдэхүүнээ баталгаажуулаагүй. Савлагаан дээрээ Сэлэнгийн, Шаамарын эсвэл Буриадын гээд тодотгочихсон л бол цэвэр бал гэж итгээд, нэг кг-ыг дунджаар 20 мянган төгрөг төлж авдаг. 

Гэтэл хэдхэн жилийн өмнө дотоодод худалдаалж байгаа цэвэр гэх балнуудыг шинжлэхэд Монголд ургадаггүй цэцгийн тоосны найрлагатай, чийгшил, сахарозын агууламж нь стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн. Түүгээр ч үл барам хэрэглэгчдийн танил болсон нэг брэнд балын найрлагад ширхэг ч цэцгийн тоосонцор агуулагдаагүй байв.

Тиймээс тухайн балыг хаана байдаг, хэн гэдэг зөгийчин, ямар цэцэг болон таримал ургамлаас гаргаж авсан бэ гэдгийг баталгаажуулж, тэрхүү мэдээллээ шошгонд нь оруулж өгснөөр хэрэглэгчид баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, цаашлаад экспортод гарах зам нээгдэх юм.

2015 оны байдлаар манай орны 14 аймгийн 51 суманд нийт 10,138 бүл зөгийнөөс 100 гаруй тонн бал хураасан статистик бий. Нэг зөгийн бүлээс гаргаж авах балны хэмжээ 50 кг-аас дээш байвал Монголын зөгийчид ашигтай ажиллах түвшинд хүрэх аж. Харин одоо дунджаар 20 кг орчим бал авдаг байна.

“Иймд гарцыг нэмэгдүүлэхэд зөгийн аж ахуйг органик технологид түшиглэн хөгжүүлж, гарсан бүтээгдэхүүнийг нь баталгаажуулж өгвөл монголчууд зөгийн балаа үнэд хүргэх боломж ойрхон” гэж мэргэжлийн байгууллагын удирдлагууд тайлбарлаж байна.

Ирэх оноос хэрэгжиж эхлэх Органик хүнсний тухай хуульд органик ба органик бус зөгийн балны ялгааг тусган өгч, гарал үүслийг баталгаажуулах хоёр том ажлынхаа үр дүнг үзэхээр Монголын Зөгийчдийн нийгэмлэг завгүй ажиллаж буй. Энэ хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын зөгийн аж ахуйг түшиглэн органик бал гаргаж авах төслийг Монголын зөгийчдийн нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Органик бал гаргаж авахад зөгийн бэлчээрт ямар нэг химийн хор хэрэглээгүй, пестицидтэй болон генийн өөрчлөлттэй хүнсний тариалалт эрхлээгүй байх зэрэг нарийн шаардлагууд байдаг аж. “Мөнгөнморьт сум органик зөгийн бал гаргаж авах шаардлагыг хангах боломжтой байсан.

Тиймээс төслийн олон улсын зөвлөхийн тусламжтай эндхийн зөгийн аж ахуйг сонгосон” хэмээн Органик хөдөө аж ахуйг дэмжих төслийн Үндэсний зохицуулагч, хүнсний технологич доктор Ц.Цэен хэлсэн юм. Түүний хэлснээр, хамгийн гол нь хүний биед хор нөлөөгүй бал гаргаж авахын тулд зөгийн аж ахуй ч гэсэн органик байх ёстой.

Харин Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяа Мөнгөнморьт суманд хэрэгжиж буй төслийн эхний үр дүнд нэг бүл зөгийнөөс авах балны гарц 40 кг хүрснийг онцолсон юм.

Өнгөрсөн онд манай улс экспортод хүнсний бус гоо сайхны түүхий эдийн зориулалттайгаар зөгийн балыг багахан хэмжээтэй гаргасан байна.

Гарал үүслийг нь баталгаажуулаагүй учраас манай балыг хүнсний зориулалтаар “тоож” авах улс одоогоор алга.

Гарал үүслийг нь баталгаажуулаагүй учраас манай балыг хүнсний зориулалтаар “тоож” авах улс одоогоор алга. Манай хүнс үйлдвэрлэгчдийн мөрөөдөл болсон хилийн чанадад бүтээгдэхүүнээ гаргахад тулгардаг саад тотгороос зөгийчид ч ангид байсангүй.

“Зөгийн балыг чинь авмаар байна. Зөвхөн гарал үүслийг нь тодорхой болгоод, баталгаажуулаад өгөөч гэдэг хүсэлтийг л гаднынхан их тавьдаг” хэмээн Монголын Зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяа ярив. 

Төв, Хэнтий, Сэлэнгэ, Шаамар, Дархан, Биндэрийн зөгийн аж ахуй эрхлэгчдийн балыг аваад, тус тусад нь шинжилгээ хийж ямар цэцгийн бал вэ, хэн гэдэг зөгийчин нийлүүлж буйг баталгаажуулж байж балаа үнэ цэнэтэй болгож чадна хэмээн тэрбээр тайлбарлав. Ийм баталгаа байхгүйгээс манайхтай адил чанартай бал гаргадаг Башкир, Сибирийн зөгийчид бидэн шиг л нэг кг бал 22 мянган төгрөгөөр борлуулах гээд “үйлээ” үздэг байна.

Монгол зөгийн балыг авах хүсэлтэй орнуудын жагсаалтад Япон, Хятад эн түрүүнд бий. Энэ хоёр орны шаардлагыг хангачихвал дэлхийн зах зээл монголын зөгийн бүтээгдэхүүнд нээлттэй. БНХАУ-ын Үндэсний статистикийн мэдээгээр тус улс 2014 онд 5791 тонн зөгийн бал импортолсон. 

Мөнгөн дүнгээрээ бол 58.6 сая ам.доллараар хэмжигдэж байна. Харин экспортод 110 гаруй тонныг гаргадаг. Дотоодын хэрэглээ нь үүнээс гурав дахин их. Зөгийн бал хураалт жил тутам 10 хувиар нэмэгдэж буй аж. Японы хувьд 2010 оноос зөгийн аж ахуй эрхлэгчдийн тоо нь огцом нэмэгджээ. Учир нь дотоодын хэрэглээ 40 гаруй мянган тонноор хэмжигддэг.

Энэ хэрэгцээнийхээ долоо хүрэхгүй хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг. Харин үлдсэн хэсгээс 77 хувийг нь зөвхөн Хятадаас импортолдог байна. 

Японд гарал үүсэл нь тодорхой таримал зөгийн балыг 100 гр-ыг нь дунджаар 10,000 төгрөгөөр борлуулдаг. 

Японд гарал үүсэл нь тодорхой таримал зөгийн балыг 100 гр-ыг нь дунджаар 10,000 төгрөгөөр борлуулдаг.

Тухайлбал, Испанийн нэгэн таримал цэцгийн бал 100 гр нь 594 иен, Шинэ Зеландын монако модны бал 100 гр нь 1,275 иенээр зарагддаг. Гэтэл Монгол орны байгалийн зэрлэг цэцэгсийн зөгийн бал дээрхээс илүү үнэтэй байх бүрэн боломжтой гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж буй.

Эхний ээлжинд Монголын зөгийчид үндэсний нэгэн үйлдвэрлэгчийг түшиглэн гарал үүсэл нь тодорхой, дэлхийн жишигт нийцсэн савлагаатай балаар дотоодын хэрэглэгчдээ энэ намраас хангаж эхлэх юм байна. 

Харин органик бүтээгдэхүүн гаргаж авахад хамгийн багадаа органик зөгийн аж ахуйг нэг жилийн хугацаанд эрхэлсэн байх ёстой гэнэ. Иймд 2018 оноос байгалийн цэвэр зөгийн бал нэг кг нь 20-25 мянган төгрөгөөр хэрэглэгчдийн гарт хүрэх боломжтойг эдийн засгийн докторант Т.Туяа тайлбарлав.

Өвлийн цагт зөгийгөө тухайн аж ахуйгаас гаргаж авсан, эсвэл цэвэр сахраар тэжээсэн, хэрэглэж байгаа ариутгалын бодис, орон байр, бал хураадаг сэмж нь хүртэл органик материалаар хийгдсэн байх ёстойг Зүүнхараагийн зөгийчин Д.Оюунгэрэл ярилаа. Мөн зөгийн сүрэглэлтийг зогсоохын тулд эх зөгийн далавчийг хайчлах зэргээр дарамт үүсгэхгүй, бүл аз жаргалтай бэлчиж, хайрлуулах тусмаа л органик, чанар сайтай бал өгдөг байна. Угтаа монголчууд байгалийн цэвэр бал гаргаж авах бүрэн боломж бий.

Монгол оронд 570 балт тоост ургамлын нөөцтэйг хамгийн сүүлд 1967 онд биологич, ургамал судлаач, ШУ-ны доктор Г.Очирбат тогтоожээ. Үүнээс зөгийн аж ахуйд тэргүүн зэргийн ач холбогдолтой 100 гаруй балт тоост ургамал бий.

Энэ утгаараа Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хан хөхий, Хялганатын ой хээрийн бүсийг түшиглэн хоёр сая бүл зөгий үржүүлэх боломжтой аж. Зөгийн аж ахуйг байгалийн зэрлэг цэцэгсээс гадна таримал ургамалтай хослуулбал балны гарцыг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Зураг