Хятадын баян чинээлэг иргэд ердийн бус, илүү сонирхолтой аялал жуулчлалын үйлчилгээ сонирхох болжээ. Тухайлбал өчигдөр зарлагдсан дэлхийг тойрох 10 хүний аялалын эрх хэдхэн цагийн дотор эзнээ олсон байна. Нэг хүний зардал 1.38 сая юань буюу $212,520 орчим болох гэнэ.
Хоёр сар, хагас орчим хугацаанд болох аялал нь дэлхийн 22 орон, бүс нутгийг дайрч гарах ба 63,223 км урт нислэг багтаж байгаа нь экваторын бүслүүрийг 1.5 дахин үржүүлсэнтэй тэнцэнэ.
Бүх нислэг бизнес ангиллынх. Мөн хөлөг онгоц, тансаг ангиллын галт тэрэг, хувийн нисдэг тэрэг, цөмийн хөдөлгүүртэй мөс зүсэгч хөлөг хүртэл аялалын унаанд багтаж байна.
Аялал жуулчлалын салбарынхны хэлж байгаагаар Хятадууд одоо бүлэг бүлгээрээ, ижил малгай өмсөөд аялдаг байснаа больж байгаа гэжээ.
Тэд одоо илүү сонирхолтой, адал явдалтай, тусгайлан төлөвлөсөн аялал сонирхох болсон байна. Ийм аялал сонирхогчдын дундаж нас 45-55 байгаа ба тэдний 41 хувь нь ямар нэг компанийн удирдах албан тушаалтнууд байгаа юм.
Чинээлэг жуулчдад зориулан олон бүтээгдэхүүн гаргах болсны зарим нь Амазон мөрнөөр завиар аялах, Кенийн зэрлэг байгальд аялах зэрэг боломжууд байна. Мөн Хойд туйл, Антарктидад эрдэмтдээр хөтөч хийлгэн, мэргэжлийн гэрэл зурагчин дагуулж явах багцууд ч бий болжээ.
Чинээлэг жуулчдын хүсэл энэ дэлхийгээс удахгүй халин гарч магадгүй болоод байгааг мэргэжилтнүүд ярьж байна.
Эх сурвалж: China Daily
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!