Монголчуудын гэр сууцыг судлаачид XIII зууны үед үүссэн хэмээн тэмдэглэжээ.
Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон бөгөөд бүтэц архитектурын шийдэл нь гадаадын судлаачдын анхаарлыг татсаар ирсэн. Гэр сууцыг гадна хэлбэрээр нь Монгол, түрэг гэж ангилдаг байна.
Харин Монгол гэр нь дотроо Халх, Ойрд, Буриад гэж ялгардаг. Гэрийн мод нь тооно, унь, хана, хаалга, бүрээс, өрх, дээвэр, туурга, зэргээс бүтнэ. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь таван ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьдаг байсан аж.
Монгол гэр нь хөгжлийн явцдаа гол хийцүүд нь амархан нийлж салдаг зөөж барьж буулгахад хялбар болжээ.
Өдгөө Монгол гэр улам гоёмсог буюу урлагийн бүтээл тал руугаа хөгжиж байна. Анх эсгий үүдтэй, цагаан модоор хийсэн гэрт амьдардаг байв. Харин XIX зууны сүүл үеэс гэрийн модыг будаж, эрээлэн хээ угалз тавьдаг болжээ.
Саяхныг хүртэл хээ угалзаар эрээлэн чимэглэсэн гэрийн мод ихээхэн эрэлттэй байсан тухай гэр үйлдвэрлэгчид хэлсэн. 2010 оноос хойш сийлбэртэй гэр, цагаан модыг нь лакдсан гэр нэлээд эрэлттэй байдаг аж.
Түүнчлэн баганын толгойн хэсэгтээ луу ороож сийлсэн гэр захиалж хийлгэх нь ч нэмэгдсэн байна.
Монгол гэр нь хөгжлийн явцдаа гол хийцүүд нь амархан нийлж салдаг зөөж барьж буулгахад хялбар болжээ.
Орчин үед бүс нутгийн байршил, үндэстэн ястнуудын онцлогт тохируулан үйлдвэрлэж байна.
Хөвсгөл аймгийн дархадууд л гэхэд сархинаг хэлбэртэй тооноор ялгардаг. Гэр үйлдвэрлэл хөгжихийн хэрээр уянга хийц, Бат-Өлзий хийц гэх мэтээр ялгардаг. Уянга хийц л гэхэд хээ угалз нь нягт шигүү, цуулбар уньтай гэдгээрээ онцлог.
Сүүлийн үед аяны эвхдэг гэр үйлдвэрлээд байгаа. “Аянчин” нэртэй эвхдэг гэрийг жуулчид ихэд сонирхдог байна. Хана, унь гээд бүх л зүйлийг нь жижигхэн эвхэж аваад явахад авсаархан болгон үйлдвэрлэжээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын гэр үйлдвэрлэгчид бүрэн сийлбэртэй 15 ханатай гэр хийж, аялал жуулчлалын байгууллагад өгсөн байна. Ийн суурин соёл иргэншлийг дагаад хэлбэр дүрсээ алдаагүй ч илүү чамин хийц загвартай болжээ.
Түүнчлэн мартагдах шахсан зүмбэр урлал монгол гэрийн бас нэгэн хэв шинж болоод байна. Шашны сүм хийдийн чимэглэлд түлхүү ашигладаг байсан зүмбэр урлалаар Д.Баасандорж гэр үйлдвэрлэснээ сонирхууллаа. Зүмбэр гэдэг нь хээ угалз, арван хоёр жил зэргийг тусгайд нь сийлж, нимгэн модон хавтан дээр наадаг нарийн урлал аж. Ийм урлалаар гэр бүтээхэд цаг хугацаа их шаарддаг гэж байлаа. Зүмбэр урлалаар үйлдвэрлэсэн гэр 25 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.
Дэлхий даяаршихын хэрээр Монгол гэр бөмбөрцгийн өнцөг булан бүрт бууриа тамгалжээ. Антарктид судлаач эрдэмтэн дөрвөн ханатай Монгол гэрийг тус тивд аваачиж барьсан нь олон судлаачдад тохилог сууцаар үнэлэгдэв. Японд нэгэн залуу Монгол гэрт амьдарч арлын орныхны нүдийг хужирлаж байна.
АНУ-д ажилладаг Монгол эмэгтэй мөн л гэрт амьдарч, удаа дараа найдваргүй сууцанд байж болохгүй гэсэн сануулга авчээ. Зөвхөн үүгээр зогсохгүй Британи бүсгүй Монгол гэрээр бизнес хийж, хурмаа хийж буй залуу хосуудын ордог газрын нэг болгожээ.
Төв Азийн нүүдэлчдийн соёлын тод илэрхийлэл болсон гэрийн хийцийг нь хадгалан эд анги, материал, орон зай, загварыг нь шинэчилсэн олон хувилбар байдаг аж. Yurt info гээд л “google’’-ээр хайхад дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монгол гэр үйлдвэрлэгч 100 гаруй компанийн мэдээлэл гарч ирнэ.
Нүүдэлчдийн гэрийг суурин аж төрөх ёсонд тусгаарлагч хийх, өрөө гаргах зэргээр янз бүрээр өөрчилжээ. Гэвч, Монгол гэрт амьдарч буй хүмүүс бүгд бие биенээ саадгүй харж, нэг дор байдаг нь хүний сэтгэл татах хамгийн том давуу тал болдог байна.
АНУ-ын Колорадо муж улсын Аврора хотод байдаг “Freedom Yurt Саbin”-ийнхан Монгол гэрийн технологиор барьсан сууцаа 12 мянган ам.доллараас эхлэн борлуулдаг байна. Орчин үеийн гэрүүдийн хана, туурганы дулаан тусгаарлалтыг боловсронгуй шийдэлтэйгээр хийсэн учраас эрчим хүчинд хэмнэлттэй тусдаг аж.
Нарс модоор хийсэн Yurt Cabin-уудыг барихад доороос нь эхэлж угсардгаараа Монгол гэрээс ялгаатай. Хамгийн жижиг гэр нь 12 ханатай, 20 ам метр талбайтай, хоёр цонхтой байдаг аж.
Хананы тоо 18 хүртэл нэмэгдэх боломжтой бөгөөд нэг цонх нэмэгдэх бүрт нэгжийн үнэ 395 ам.доллараар өснө.
Нүүдэлчдийн гэрийг суурин аж төрөх ёсонд тусгаарлагч хийх, өрөө гаргах зэргээр янз бүрээр өөрчилжээ.
Харин Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Blue Mountain Yurt компанийн үйлдвэрлэдэг гэр өмнөхийг бодвол Монгол гэртэй нэлээд төстэй нь хананаас нь харагдана.
Эндхийн гэр Монгол, Хятадад үйлдвэрлэдэг хийц ижил гэрүүдээс эдэлгээний хувьд харьцангуй удаан хэмээн бичжээ. Австралийн уур амьсгалд 35 жид туршигдсан байна. Үнийн хувьд, 66 ам метр талбай бүхий, жилийн дөрвөн улиралд хэрэглэх боломжтой нь 30 мянган австрали доллараас эхэлж байна.
Мөн Аляскад Ли, Жесс Тенхоф хэмээх гэр бүлийн эхлэн Монгол гэрийн загвараар гэр барьж эхэлжээ. Монгол гэрийн загвар, хийцийг бараг тэр хэвээр нь хуулбарласан шалтгаан нь олон зууны турш бат бөх, ая тухтай байдал нь шалгагдсан гэж үздэг байна.
Хамгийн жижиг нь таван ам метр талбайтай, гурван улирлын гэр байдаг бөгөөд 5,000 ам.долларын үнэтэй. Хамгийн том нь 15 ам метр талбайтай, дөрвөн улирлынх нь 50 мянган ам.доллараар борлуулдаг байна. Ийн Монгол гэр гадныхны үнэ хайрлахгүй худалдан авдаг барааны нэг болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!