"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр урт хагарал илрүүлсэн"
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан өчигдөр болж Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн нөхцөл байдлын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс танилцуулжээ.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатарын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол орны 19 аймгийн нутаг дэвсгэрийн 68 байршилд газар хөдлөлт бүртгэх 130, хөрсний хурдатгал хэмжигч 34, амжиж анхааруулах 12 системийн станц ажилладаг байна.
Улаанбаатар хот орчимд 2000-2025 онд нийт 19,000 газар хөдлөлт бүртгэгдсэн бол 2026 он гарсаар хот орчмын бүс нутагт нийт 165 газар хөдлөлт болсноос хамгийн хүчтэй нь 3.5 магнитуд бүртгэгджээ.
ОБЕГ, Японы “Жайка” байгууллагатай хамтран 2017 оноос хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсад ажилласан Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр урт хагарал илрүүлсэн байна. Одоогоор хот орчмын бүсэд энэ хагарлын нөлөө мэдрэгдээгүй ч нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ.
Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах систем бүрдүүлж, гурван үе шаттай дамжуулдаг бөгөөд “EQ info” аппликэйшнээр газар хөдлөлтийн мэдээллийг шуурхай авч, тухайн газрынхаа чичирхийллийг үнэлэх боломжтой байна.
“Одоогоор Улаанбаатарт 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлтийг мэдрэх 4 станц ажиллаж байна. Цаашид хөрсний хурдатгал бичигч энэхүү станцыг 10 болгох шаардлагатай”-г тэрбээр хэлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Ч.Одонбаатар захирлын хэлсэн 10 станцын хөрөнгийг төсөвт суулгах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
