Киев хотноо Оросын тэрбумтан Роман Абрамовичтай уулзсанаа Украины ерөнхийлөгч Зеленский баталжээ
Өнгөрсөн сард Киев хотноо Оросын тэрбумтан Роман Абрамовичтай хувиараа уулзсаныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр баталжээ.
Ингэхдээ тэр Украин улс Донбассын бүс нутгаа хэзээ ч алдах бодолгүй байгааг Абрамовичоор дамжуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уламжилсан гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Оросын нэг бизнесмэн Зеленскийгээс урилга хүлээж авснаа өөрт нь хэлсэн тухай ярьж байсан юм.
Ням гарагийн орой Sky News сувгаар цацагдсан ярилцлагадаа Зеленский хэдийгээр Абрамович эхэндээ энэ талаар олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн ч уг уулзалт “нууц биш” болохыг хэлжээ.
Дайныг дуусгахын тулд Украины тал ямар шаардлага тавьж байгаатай танилцахын тулд Киев хотод Абрамович хүрэлцэн очсоныг Зеленский тайлбарласан байна.
“Би түүнд Донбассын талаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ нь хүргэх гол мессэж байсан. Бид тэндээс явахгүй, нутаг дэвсгэрээ орхихгүйг би хэлсэн” гэж Зеленский ярьжээ.
Дайныг дуусгахын тулд Донбассын аж үйлдвэрийн бус нутгийг бүрдүүлдэг Донецк, Луганск мужуудаас Украин цэргээ татах ёстойг Путин байнга хэлдэг.
Зеленский сая ярихдаа аливаа яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд эхлээд талууд галаа бүрэн зогсоох ёстойг дахин илэрхийлсэн байна.
Английн хөлбөмбөгийн Челси клубийг эзэмшиж байсан Роман Абрамович одоо Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээгээр шийтгүүлээд байгаа.
Тэрбээр өмнө нь 2022 онд Украины дайн эхэлсний дараахан талуудын хооронд зуучлагчаар ажилласан ч үр дүнд хүргэж чадаагүй юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
